Амар тайван, аз жаргалтай, стрессгүй орчныг дүүрэн бүрдүүлж чадсан “Аяллын луужин” Вьетнам орны нэгээхэн хэсгээр аялаад, амраад ирлээ. Ер яаж ийм гоё амгалан орчныг бүрдүүлж чадсан гайхалтай ард түмэн юм болоо хэмээн бахархан бодож суусансан. Тус улсын дотоодын хоёр том групп Фукуок арлыг мэдэлдээ аваад тэгтэл гадна, дотны жуулчдын сэтгэлийг маш ихээр татахуйц гол цөм, бүс болгож чаджээ.
Аливаа зүйлийг өчүүхэн гэлтгүй, сэтгэл зүрхээ шингээж гэмээнэ ингэж тултал нь төгс түвшинд бодитоор хөгжүүлж чаддаг байхнээ. Гайхалтай алсыг харсан холч ухаантай, хөдөлмөрч, ажилсаг ард түмэн юм.
Вьетнамын Фукуок арал руу шууд нислэгээр 6 цаг орчим нисэж очдог бөгөөд тус улс нь Монголоос 1 цагийн зөрүүтэй.
Хэвлэл мэдээллийн салбарт сэтгүүл зүйн зарчмаа ягштал мөрдөн ажиллаж, өөрийн гэсэн өнгө төрхөө тодоос тодоор сийлж чадсан “Өрөг”.мн байгууллагын хамт олон маань үүсгэн байгуулагдсан 5 жилийн ойн баяраа хамт олноороо Вьетнамыг зорин тэмдэглээд адал явдлаар дүүрэн, дурсамжийг бүтээж аялаад ирсэн. Мөн шинэ жилийн баяраа халуун дулаан оронд хамт олонтойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн нь бидний хувьд онцгой нэгэн түүх байлаа.
“Дэлхийг нээцгээе”-“Дэлхий Травел Х” компани
Мэдээж олуулаа тэр дундаа хамт олноороо аялахад хамгийн найдвартай, итгэл даахуйц, олон уилийн туршлагатай, чадвартай хамт олноор багаа бүрдүүлсэн “Аяллын компани”-ийг сонгох нь маш чухал. Иймдээ ч бид аялал жуулчлалын салбартаа хэзээд дээгүүр байр суурийг эзэлсэн, чадварлаг ажилтнуудаар багаа бүрдүүлсэн “Длэхий травел Х” компанийг сонгосон юм. “Дэлхийг нээцгээе” уриатай тус компанийн хамт олны найрсаг үйлчилгээ, ажилдаа мэргэшсэн хөтөч менежер, үйлчлүүлэгч нартаа аялал эхлэхээс өндөрлөх хүртэл өгч буй сэтгэл ханамжийн үйлчилгээ үнэхээр их таалагдсан.
Фукуок арал
Фукуок арал нь Вьетнам улсын өмнөд хэсэгт байрлах хамгийн том арал бөгөөд нийт 574 км2 газар нутагтай. Тансаг зэрэглэлийн ресорт, хувийн хаус, вилла болон амралтын газруудтай аялал жуулчлалын чөлөөт бүс юм.
Вьетнам улсын Засгийн газраас тус аралд зорин ирж буй аялагчдад зориулан томоохон парк, усан парк, Дэлхийн Геннисийн рекордыг эзэмшдэг хамгийн урт ‘Cable car’, Зүүн Өмнөд Азидаа хамгийн томд тооцогдох амьтны хүрээлэн бий.
Мөн Вьетнам улсын хамгийн том ‘Корона Казино’ зэрэг олон төрлийн сонирхолтой энтертайнмент бүтээн байгуулалтыг хийж, цогцоор нь хөгжүүлснээр дэлхийн сая сая жуулчдын зорин ирдэг аялал жуулчлалын бүс болгож чаджээ.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс
Зүүн өмнөд Ази дахь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт оршдог орон. Хойд талаараа Хятад, баруун талаараа Лаос баруун өмнөд хэсгээрээ Камбож улстай тус тус хиллэж, зүүн талаараа Өмнөд Хятадын тэнгисээр хүрээлүүлэн оршдог. Вьетнам нь 2023 оны байдлаар 100,3 сая гаруй хүн амтай бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд Арван зургадугаар байр. Улс төрийн нэг намын тогтолцоотой улс.
Тус улсын Вьетнам гэх нэр нь “Việt” нь гол үндэстэн-Вьет, “Нам”-өмнөд гэсэн хоёр үгнээс бүрддэг, бөгөөд “өмнөд Вьет”-ууд гэсэн үг юм.
“Вьетнам” гэдэг нэрийг анх яруу найрагч Нгуен Бин Хием XVI зуунд “Чан Чинийн зөгнөлүүд” номондоо “Вьетнам үүссэн” гэж бичсэн байдаг. Энэ нэрийг 16-17-р зууны үед Хайфон дахь Бао Лам сүмд байдаг 12 чулуун хөшөөн дээр сийлсэн байдаг ажээ.
1804-1813 онд эзэн хаан Нгуен Тхе-То буюу Зиа Лонг албан ёсны баримт бичигт “Вьетнам” гэдэг үгийг хэрэглэж байжээ. Гэсэн хэдий ч 1945 он хүртэл вьетнамын сүүлчийн эзэн хаан Бао Дай-дэ албан ёсоор өөрчлөх хүртэл тус улсыг ихэвчлэн “Аннам” гэж нэрлэдэг байсан.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь Бүгд найрамдах засаглалтай улс юм. Одоогийн Үндсэн хуулийг 1992 оны 4-р сарын 15-нд баталсан түүхтэй.
Засаг захиргааны хувьд Вьетнам нь 58 муж бөгөөд Ханой, Хо Ши Минь, Хайфон, Да Нанг, Кантхо зэрэг таван хотоос бүрддэг.
Нутгийн 40% нь өндөр уулс, 42% -г халуун орны ой шугуй эзэлнэ. Вьетнам нь халуун орны, сэрүүн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба ерөнхийд нь 2 улиралтай гэж тооцдог. 5-10 сар хүртэл борооны улирал үргэлжилж, 11-4 сар хүртэл хуурай улирал байдаг. Хойд нутагт дундажаар агаарын температур +27-34 хэм дулаан байдаг бол өмнөдөд жилийн турш +21-28 хэм байдаг.
Аялал жуулчлал
Вьетнам орныг зорих жуулчдын тоо сүүлийн 10 жилд тогтвортой өсч байгаа ажээ. Вьетнамын Засгийн газар эх орныхоо экологийн цэвэр унаган төрх, соёлын өвийг хадгалах зорилгоор 30 Үндэсний хүрээлэн, 4 байгалийн үзэсгэлэнт газрыг Юнескогийн дэлхийн өвийн бүртгэлд хамруулжээ.
Монгол, Вьетнам улс 1954 оны 11-р сарын 17-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Хоол хүнс
Фукуок арал дээр Хятад, Вьетнам, солонгос, Монгол хоолны зоогийн газрууд бий. Тус улсын мөнгөн дэвсгэрт бол “дон”. Монгол мөнгөтэй харьцуулан авч үзвэл 7 дон нэг төгрөгтэй тэнцдэг. Хоол хүнс, жимс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хувьд харьцангуй хямд учраас аялагч, жуулчдад энэ нь санхүүгийн хувьд том дэм болж өгдөг.
Агуу удирдагчийнхаа нэрээр нэрлэгдсэн Хо Ши Мин хот
Бидний нөхөд Вьетнам улс дотроо томоохон тэргүүлэх байр суурийг эзлэн, онцгой жин дардаг өмнөд нийслэл Хо Ши Мин хотыг зорин аялсан юм. Фукуок арлаас нэг цагийн хугацаанд нисээд очих онгоцны тасалбар 300 мянган төгрөг. Харьцангуй нам жим, амар тайван орчныг бий болгосон Фукуок арлаас тэс өөр ондоо ертөнц угтана.
Фукуок арлаас илүү халуун, бүгчим басхүү зөгийн үүр мэт зогсоо зайгүй их хотын нүргээнтэй чимээ.
Хо Ши Мин хот нь эдийн засаг, санхүүгийн төв бөгөөд Вьетнам улсын соёл, шинжлэх ухааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ хот нь халуун уур амьсгалтай, дунджаар 78-82% чийгшил өндөртэй байдаг. Хо Ши Мин нь жилийг хоёр өөр улиралд хуваадаг.
Нийтдээ 21 сая хүн амтай тус хот нь дэлхийн олон орны жуулчдыг үргэлж эрхгүй татдаг.
Энэ хотод замын хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохио байхгүй. Явган хүний гарцаар явган зорчигч нэвтэрч гарахын тулд автомашин, мопедтой жолооч нартай эелдгээр зохицож гарах ёстой. Нэг ёсондоо “эр зоригийн тулаан” аятай л авхаалж самбаа, хурдтай гүйлтийг шаарддаг.
Хо Ши Мин хотод зорин очсон аялагч жуулчид тус хотын хамгийн алдартай төв талбай, “Нэгдэлчдийн ордон”, Нотре Дамын сүм”, “Бен Тхань” зах, “Дайны музей” зэрэг түүхийг өгүүлэх дурсгалт газрыг заавал зорин очиж үзэж сонирхохыг зөвлөж байна.
Энэ хот нь түүхэн дурсгалт газрууд, Францын колоничлогчдын архитектурын өв, орон нутгийн үндэсний онцлогийг гайхалтай хослуулсан байдаг. Ер нь гадны улс орнууд дайны хөлд үрэгдсэн ч, олон бэрх давааг туулаад даваад гарсан ч тухайн колончилж байсан улсынхаа өв соёлыг ухаалгаар нутагшуулан авч үлдсэн байдаг. Үүгээрээ эдийн засгаа дэмжин тэжээх гол хөшүүргэ болгон аялал жуулчлалын салбараа хөгжүүлж чадсан нь гайхалтай.
Вьетнамын коммунист хувьсгалын удирдагч, Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсын (Хойд Вьетнам) ерөнхий сайд (1946-1955) болон ерөнхийлөгчөөр (1945-1969) ажиллаж байсан удирдагч байв.
Тэрээр Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсыг төвхнүүлэн байгуулахад онцгой гавьяа байгуулсны сацуу Вьетнамын дайнд «Өмнөд Вьетнамын Үндэсний чөлөөлөх фронтыг» насан эцэслэх хүртлээ удирдаж байжээ.
Өвлийн ид хүйтнээр хэсэгхэн ч гэсэн халуун дулаан оронд аялангаа тус улсын соёл, өв уламжлалыг шингээсэн түүхэн газруудаар аялсан бидний дурсамжит өдрүүд өндөрлөв. Хүн өнөөдрийн дурсамжаар хөглөгдөж, маргаашийн түүхийг бүтээн амьдардаг билээ.
Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг л шороо мэт үлдэнэ гэж юутай үнэн үг. Баяртай Вьетнам, бас баярлалаа.