Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас “Хавдар судлалын үндэсний төв-II” эмнэлгийг барихаар болж ажлын хэсэг байгуулсан талаар өнөөдөр /2024.12.17/ мэдээлэл өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх /2024.12.16/-ны өдөр “Хавдар судлалын II төв”-ийг барихад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулах тухай 47 дугаар захирамж гаргажээ. Тус ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар энэ талаар мэдээлэл өгөхдөө “Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-н гишүүн Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан, Н.Алтаншагай нар багтаж байна. Улмаар Сонгинохайрхан дүүрэгт 95308 м.кв цогцолбор төв байгуулах ажлыг эхлүүлнэ. 2025 оны төсөвт үүнд зарцуулагдах төсөв суусан байгаа” гэв.
Монгол Улс хавдраараа дэлхийд тэргүүлж байгаа нь эрүүл мэндийн маш эмзэг сэдэв болоод буй. Гэтэл ганцхан хавдрын эмнэлэгтэй байдаг. Ганц байгаа эмнэлэг нь хэдийн ачааллаа дийлэхээ болиод удаж байгаа билээ. Хавдар судлалын эмнэлэг барина гэсээр арваад жилийн нүүр үзэж байна. Тэгвэл хавдраас урьдчилан сэргийлэх оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээний сургалтын төв бүхий 95 мянга гаруй мкв бүхий цогцолбор Хавдар судлалын эмнэлгийг Сонгинохайрхан дүүрэгт барихаар төлөвлөжээ.
Үүнд 2025 оны төсөвт 38 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Тодруулбал, СХД-ийн 34 дүгээр хороо буюу Баянголын аманд “Хавдар судлалын үндэсний төв-II” эмнэлгийг барих 12 га газрыг шийдсэн байна.
Т.Мөнхсайхан: “Хавдар судлалын үндэсний төв-II”-ыг барьж байгуулахад 4-5 жилийн хугацаа шаардлагатай байна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Манай улсын хувьд хавдрын нөхцөл байдал хүнд байгааг хүн бүхэн мэдэж байгаа. ЭМЯ-аас баримталж байгаа гол бодлого бол хавдрыг эрт илрүүлж, эмчлэх. Үндсэн гурван чиглэлийн бодлого явж байгаа. Нэгдүгээрт, хавдрын тусламж үйлчилгээг ард иргэд хэрхэн яаж амьдарч байгаа бүс нутаг, аймаг дүүрэгт нь үзүүлэх вэ. Хоёрдугаарт, хэрхэн яаж олон улсын түвшинд хүрсэн, шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг үзүүлэх вэ. Мөн “Хавдар судлалын үндэсний төв II”-ийг барьж байгуулах ажил байна. Энэ эмнэлгийг барихад 4-5 жилийн хугацаа шаардана. Тиймээс одоо үйл ажиллагаа явуулж байгаа ХСҮТ-ийг илүү өргөтгөж, тусламж үйлчилгээгээ сайжруулах шаардлагатай байна. Энэ мөнгө төсөвт суусан” гэв.