Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга нар, хотын удирдлагууд, агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч нар, ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудыг дуудан уулзсан билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирж чадаагүйг Ерөнхийлөгч уулзалтынхаа эхэнд онцолжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: уулзалтын үеэр, “Сайд нар ажлаа аваад удаагүй байгааг ойлгож байна. Одоо гэхдээ ажилдаа орцгоо. Салан задгай байж нэгэндээ шаардлага тавихгүй байна. Найрааны Засгийн газар болох нь ээ. Тийм зүйл байхгүй. Эмээл, хазаарынхаа бүтэн дээр наад хазаараа татацгаа. Ажлаа хийцгээ. Гурван жилийн өмнө утаагүй байсан, яагаад одоо ийм байдалд оров. Улаанбаатарын утаа, хариуцлагагүйн утаа хоёр халахаараа өнөөдөр ингэж бүрхэж байгаа юм” хэмээжээ.
Анх 2019 онд шахмал түлш үйлдвэрлэж байхад утааны түвшин 40-50 хувиар буурч байсан, тэр байдлаас яагаад ухарчих вэ. Шахмал түлш сайжраад явах ёстой байтал одоо яагаад муудчих вэ гэдэг асуудлыг Ерөнхийлөгч тавилаа. Хяналт шалгалт суларсан байна. Шахмал түлшний хатаалт, орц буюу барьцалдуулагч болон бусад асуудалд анхаарлаа хандуул.
Утааг бууруулах асуудал ганц байгууллагын асуудал биш төр засаг бүхлээрээ уялдаа холбоотой ажиллаж үр дүн гаргана. Цааш цаашдаа уялдаа холбоогоо сайжруулж төрийн байгууллагууд бүгд энэ асуудал руу орж ажиллах хэрэгтэй байна.
Хуучин Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо гэж байсан түүнийг яагаад татан буулгав. Мэргэжлийн хяналтын газрынхан Улаанбаатар хот руу түүхий нүүрс орж гарч байгаад хяналт тавьдаг байсан, татан буугдсан. Хяналт шалгалт байхгүй болсон байна. Эдгээр асудлаар Ерөнхийлөгч байр суурь илэрхийлсэн.
Харин яг одоо Улсын онцгой комисс утааны асуудлаар хуралдаж байна. Энэ дагуу өнөөдөр /2024.12.17/ Улсын онцгой комисс Сүхбаатар танхимд хуралдаж байна. Хуралдаанд, “Тавантолгой түлш” ХХК болон бусад яамдын сайд нар, албаныхан оролцож байна.
Хуралдааны дараа УОК-оос хийх мэдээллийг удахгүй хүргэх болно.