Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн хөлийн уланд нум үүсэхгүй байх, үүсэхгүй удах зэрэг эмгэгүүд ихээр илрэх болсон. Үүнийг дийлэнх эмч нар хотжилттой холбон тайлбарлаж байна. Тиймээс хүүхдийн хөлийн булчинг хөгжүүлж эрт нум үүсгэх талаар зөвлөгөөг УАУ, Остеопат их эмч Б.Саранчимэг-ээс тодрууллаа.
НУМ БОЛ БИЕИЙН ПҮРШ
Нум бол биеийн хамгийн чухал хэсэг. Биеийн пүрш гэж хэлдэг хүүхдийн биеийг доргилтоос хамгаалж байдаг зүйл. Хөлийн нум нь хөдөлгөөн хийхэд ирж буй даралт, доргилтын хүчийг сарниулан, нуруунд ирэх ачааллыг багасгах, хуваарилах үүрэгтэй. Хөлийн нумгүй хүүхэд илт хүчтэй пид, падхийн алхдаг. Зөөлөн гишгэхгүй бүтэн улаараа гишгэн явж байгаа учраас тэр. Үүний үр дагаварт нь хөлийн өөрчлөлт, нурууны өвчлөл, бүтэн биеийн өөрчлөлтийг үүсдэг.
ХӨЛИЙН НУМ ҮҮССЭН ЭСЭХИЙГ ГЭРТЭЭ ШАЛГАХ АРГА
Гэртээ усан будаг ашиглан нум үүсэн эсэхийг шалгах арга байдаг. Үүнээс гадна хоёр ой дөхсөн хүүхдүүдээ бохир шалан дээр гүйлгээд хөлийн улыг нь харж болно. Халтар болсон хөлийн улны нум хэсэг цэвэрхэн хэвээрээ үлдсэн байвал нум үүсэн байна гэж үзнэ. Энэ нь хүүхдээ гэртээ оношлох хамгийн хялбар арга юм.
ХҮҮХДҮҮДЭД ГҮЙХ, ТОГЛОХ ОРЧИН ДУТМАГ БАЙГАА НЬ НУМГҮЙДЭХ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА
Сүүлийн үед хавтгай тавхайтай хүүхдүүд олширч байгааг эмч нар хотжилттой холбон тайлбарлаж байна. Учир нь паркетан шал гэх мэт хөлд цочрол өгөхгүй тэгшхэн гадаргуу дээр тогтмол олон цагаар хөл нүцгэн алхсанаар хүүхдийн хөл нумгүйдэж байгаа юм. Хөлийн нум гүйж, харайж товгор гүдгэр гадаргуу дээр алхаж хөлийн уланд цочрол өгч байж хөгждөг. Тэгэхээр бид нар хүүхдүүдээ гадаа олон цагаар тоглуулах ёстой. Гэтэл Улаанбаатар хотод хүүхэд тоглох орчин, нөхцөл алга. Тиймээс эцэг эхчүүд маань хүүхдээ хөдөлгөөнтэй байлгах тоглоомуудыг сонгон гэртээ байршуулж хамт тоглож дасгал хийж байх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн хувьд хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт болох юм шүү.