Дэлхийн хэмжээнд амиа хорлолт нь 15-29 насныхны нас баралтын шалтгааны 4-т ордог. Харин манай улсын хувьд тус насныхны амиа хорлолтын түвшнээр бүс нутагтаа тэргүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, амиа хорлолтын асуудал бол бидний зайлшгүй анхаарах хэрэгтэй чухал талбар болоод байна. Иймд Монголд анх удаа өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “ГЭРЭЛТ-ЭРГЭЛТ” хэмээх цогц хөтөлбөрийг “Сэтгэл Зүй Хүний Хөгжлийн Шинэ Эхлэл Төв” ТББ-аас боловсруулан, Австралийн элчин сайдын яамны санхүүжилт, Австралийн сайн дурынхан байгууллагатай хамтран улс орон даяар хэрэгжүүлж, өнөөдөр дуусгаж байна.
Төслийн хүрээнд ЕБ-ын сургуулийн 35 сэтгэл зүйчийг бэлтгэн, Австралийн мэргэжлийн сэтгэл зүйн багшийн үе шаттай хичээлд хамрагдан, ментор хийлгэж өөр өөрийн байгаа орон нутагтаа сургуулийн өсвөр насны хүүхдүүдтэй ажиллажээ.
ЕБС-ийн сэтгэл зүйчдийг мэргэшүүлэхийн тулд Австралийн сэтгэцийн эмч Др.Жойес Арнолдын удирдлага дор 31 цагийн сургалт болон 56 цагийн супервишн, 32 кэйсийг хэлэлцүүлжээ. Ингэснээр сургуулийн сэтгэл зүйч нар өсвөр насны хүүхэдтэй ажиллах мэдлэг хийгээд практик ур чадварт суралцсан юм.
Төслийн хүрээнд 3655 сурагч, 1714 эцэг, эх хамрагдаж, тэднээс 425 хүүхэд, 201 эцэг, эх сэтгэл зүйчтэй холбогдож, зөвлөгөө тусламж хүссэн бөгөөд амиа хорлох эрсдэлтэй, эсвэл үйлдэл хийсэн 110 хүүхэд сэтгэл зүйчтэй холбогдсон бол тэдний 16 хүүхэдтэй нь төслийн хүрээнд амжилттай ажиллаж, эрсдэлээс сэргийлжээ.
“ГЭРЭЛТ-ЭРГЭЛТ” ГЭЖ ЮУ ВЭ?
Бусдын амьдралд гэрэл гэгээ болох, бусдын гэрэл гэгээг харж эерэг нөлөөг хүлээн авах: Үр дүнд нь эрсдэлт алхамаас бусдыг эргэлт хийхэд нь хүргэх явдал юм.
Гэрэлт гэдэг үгний Г үсэг л байраа өөрчилөхөд Эргэлт болдог. Бид Гэрлийг харах үедээ зөв ЭРГЭЛТийг хийж чаддаг.
Бусдын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах гэдэг бол, Тэднийг ойлгох, сонсох, анхаарах, тэдний үнэ цэнтэй гэдгийг мэдрүүлэх явдал. Эдгээрийг хийснээр тухайн хүн хайрлагдсан гэх мэдрэмж авч өөртөө итгэлтэй болно. Зөвхөн “Гэрэлт-Эргэлт” хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй гэр бүл, эргэн тойрон, найз нөхөд бүхий л хүрээлэлдээ энэ арга замыг хэрэгжүүлснээр олон хүний амьдралд эерэг нөлөө гарч байгаа юм.