МҮХАҮТ-ын ээлжит бус XXII Их хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын 28-ны өглөө 09.00 цагаас болохоор товлогджээ. Тус хуралдаанаар танхимын шинэ Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдах юм.
Зургаан сар орчим эзэнгүй байсан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн суудалд хэн очих вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Тиймээс дараагийн Ерөнхийлөгчийн сунгаа эхэлсэн.
МҮХАҮТ-ын дүрэмд зааснаар, “Үндэсний танхим нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилга, гишүүнчлэлийн үндсэн дээр байгуулагдаж, өөрөө удирдах ёсонд тулгуурлан “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай” Монгол Улсын хууль болон МҮХАҮТ-ын дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулах, төвийг сахисан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.”
Өнөөдрийн байдлаар МҮХАҮТ-ын одоогийн Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Таванбогд группийн Ерөнхийлөгч Т.Баатарсайхан, Эдийн засагч Б.Лакшми, өмнө нь МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан “Урбанек”-ын Б.Лхагважав, “Транспаренси интернешнл Монгол” ТББ-ын тэргүүн Л.Төр-Од нар ерөнхийлөгчийн сунгаанд нэрээ дэвшүүлж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч нь танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй.
МҮХАҮТ-ын дүрмийн дагуу гишүүд Мандатын эрхтэй оролцох бөгөөд Их хуралд өөрөө буюу эрх бүхий албан тушаалтнаар дамжуулж оролцоно. Хэрэв тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулж болдог. Дээрх мандатын эрхтэй гишүүдийн олонхийн саналаар дараагийн Ерөнхийлөгч тодорно.
Олон нийтийн болон бизнесийн салбарынхан дунд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч нь нийт гишүүдээ төлөөлөхөөс гадна аль нэг том группыг төлөөлдөг гэх яриа бий. Ямартай ч маргааш Их хурлаасаа хэн гэх эрхмийг дараагийн Ерөнхийлөгчөөрөө сонгохыг харах л үлдлээ.