Б.Дэлгэрсайхан сайд аа! “Тамын 50” хэмээх алдарт, аймшгийн замаа хэзээ засах вэ?
Монгол Улсын автозамын хэвтээ тэнхлэгийн зүүн чиглэлд буюу Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай замын Цагаанхоолой гэдэг газрын 50 км буюу “Тамын 50” гэж нэрлэгддэг авто замын эвдрэл гэмтэл дээд цэгтээ хүрч, энэ замаар зорчиж буй иргэдийн амь нас аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэлд маш их сөргөөр нөлөөлж байгаа автозамын хэсэг болоод 10 орчим жилийн нүүр үзэж байна. 2013-2015 онд баригдсан уг замыг одоо болтол улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй бөгөөд тамын 50 км өдгөө тамын 100 км болчихоод байгааг жолооч нар хэлдэг.
Өнгөрөгч амралтын өдөр энэ замд ноцтой осол болж, 7 хүний амийг авч одлоо. Энэ зөвхөн мэдэгдэж буй ноцтой нь, үүний цаана уг зам дээр ямар их осол болж байдгийг нутгийн иргэд, тухайн орон нутаг руу зорчих иргэд хэлдэг.
Өнгөрсөн хугацаанд гурван ч удаа ажилласан комиссийн зүгээс зам тавьсан компанид тодорхой үүрэг, даалгавруудыг өгсөн боловч засаж залруулах талаар ямар ч ажил хийгдээгүй өнөөг хүрсэн нь энэ.
МСРС компанийн хийсэн барилгын зургийн алдаанаас эхлүүлээд хариуцлагагүй гүйцэтгэгч Чайна Жео инженеринг компани, тендер шалгаруулах, ажил гүйцэтгэх, хяналт тавих гээд бүх л шатанд алдаа дутагдалтай ажилласнаас болж чанаргүй зам баригдсан. Тус замын нөхцөл байдалтай үе үеийн Зам тээврийн сайд нар танилцаж, албаныхан газар дээр очиж ажилладаг ч өнөөг хүртэл үр дүнгүй явсаар олон хүний амийг авч одсоор байна.
Энэ оны наймдугаар сард “Тамын 50” гэж нэрлэгдэх болсон Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км автозамыг барьсан компанийн удирдлага, мөн тус компанийг сонгосон албан тушаалтнуудыг шалгуулахаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Өмнө нь энэ асуудлаар салбарын яаманд нь хандаж байсан ч хариуцлага тооцоогүй аж.
Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдолдоо тэрбээр “Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт баригдсан улсын чанартай автозамын барилгын зарим хэсгийн барилгын ажил нь чанар, стандартын шаардлага хангаагүйн улмаас эвдрэл гэмтэл үүсч, тус автозамаар зорчигч иргэдийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа тул уг төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулсан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан, санхүүжилт олгосон тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн төвийн холбогдох албан тушаалтнуудыг, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанийн удирдлагатай нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж өгнө үү” гэжээ.
Харин АТГ-аас уг асуудлыг шалгаад ХЭРЭГ ҮҮСГЭЭГҮЙ гэсэн хариу өгсөн байна.
2024 оны хоёрдугаар сард Дэлхийн банкны санхүүжилтээр нийт 361 км хатуу хучилттай авто замыг шинэчлэн сайжруулахын зэрэгцээ, насжилт өндөр, эвдрэл ихтэй замуудад их засвар хийнэ. Үүнд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замд их засвар, шинэчлэлт хийхээр болсон. Гэсэн ч төслийн нэгж байна байгуулагдсанаас бусдаар засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэх компаниа шалгаруулаагүй байгаа бөгөөд энэ ондоо багтаан гүйцэтгэгчийг сонгох аж. Замын ажлыг анх хариуцлагагүй гүйцэтгэсэн Чайна Жео инженеринг компаниас болж 10 гаруй жил олон арван иргэд эд материал, эмч хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгаа бөгөөд Хэнтий Дорнод чиглэлийн 50 км там болсон зам дээр эд хөрөнгө, сэтгэл санаа, амь биеэрээ хохирсон иргэдийн “Тамын 50 км”-ын хохирогчдын групп ч бий болжээ.
Мөн гэмтлийн эмнэлэгт хүртэл энэ замд ноцтой ослууд гарсан олон тохиолдлууд бүртгэлтэй байна. Ийм болтол олон мянган иргэн тамлуулж 50 км зам туулж 10 гаруй жил боллоо.