Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2024 оны эхний 9 сарын байдлаар ДНБ буюу дотоодын нийт бүтээгдэхүүн 5%-иар өссөн байна.
ДНБ /дотоодын нийт бүтээгдэхүүн/ гэж юу вэ?
Тодорхой хугацаанд тухайн оронд шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээнүүдийн зах зээлийн үнийн нийлбэр нь ДНБ юм. Энгийнээр хэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) бол эдийн засаг хэр сайн, эсвэл муу байгааг харуулдаг хамгийн чухал хэрэглүүр бөгөөд тухайн улсын бүх компани, Засгийн газар, иргэдийн үйл ажиллагааны хэмжүүр буюу хэмжих оролдлого бол ДНБ юм.
Хэрэв ДНБ тогтвортой өсөх юм бол хүмүүс илүү их орлого олж, илүү ихийг зарцуулж байгаа учраас илүү их татвар төлнө. Ингэснээр Засгийн газар нь сургууль, цагдаа, эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээнд зарцуулах илүү их мөнгөтэй болох юм.
2024 оны эхний 9 сард урьдчилсан гүйцэтгэлээр 56.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.8 их наяд төгрөгөөр өссөн байна. ДНБ өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 1.8 их наяд төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 5.9 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
ДНБ 5.0 хувиар өссөний -3.5 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 1.4 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.3 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар, 4.6 нэгж хувийг үйлчилгээний салбар, 2.1 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.