Худалдаа, хөгжлийн банк Нийслэлийн Жижиг, Дунд Үйлдвэрлэл, Үйлчилгээг Дэмжих Төв НӨҮГ, Зээлийн Батлан Даалтын Сантай хамтран Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгч нарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.
Тус хөтөлбөрийн “Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ”-г талууд албан ёсоор 2024 оны 11-р сарын 12-ний өдөр үзэглэн баталлаа.
Энэхүү үйл ажиллагааны зорилго нь Нийслэлийн ЖДҮҮДТ НӨҮГ-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд хүү багатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг ЖДҮҮ эрхлэгч нарт олгож, эдийн засгийн бодит хувь нэмэр оруулах явдал билээ.
Түүнчлэн ЖДҮҮ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд хөтөлбөрийн нэгдүгээр хэсэгт ХХБ, НЖДҮҮДТ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-тай хамтарсан “Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ”-нд хамрагдана.
Тухайн сургалтаар бизнесийн төлөвлөгөө гарган үйл ажиллагаагаа зохион байгуулах, хөрөнгө оруулалтын боломжуудыг ашиглах, брэнд хөгжүүлэлт зах зээлийн судалгаа хийх, хэлэлцээр хийх, маркетингийн стратеги боловсруулах, гэрээний эрх зүй, хуулийн зохицуулалтын мэдлэг мэдээлэл олж авах зэрэг олон ур чадварт суралцах юм.
Худалдаа, хөгжлийн банк нь тус хөтөлбөрөөр дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгынхоо хүрээнд бодит хэрэгцээ шаардлага бүхий ЖДҮҮ эрхлэгч нарт хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгоно.
Ингэснээр бизнес эрхлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадвар, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, салбарын хэмжээнд улсаас хэрэгжүүлж буй бодлогод хувь нэмэр оруулан дэмжлэг үзүүлэх том алхам болох юм.