Байгаль орчин, аюулгүй байдлаа хамгаалж буй нэрээр мэдээлэл дутмаг иргэдийг турхирч үймээн дэгдээж, бусдын эд хөрөнгөд халддаг байдал Ардчилсан Монгол Улсын, хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн иргэдэд огт зохихгүй бөгөөд эдийн засгаа татаж унагаад, дэлхийн тавцанд “бүдүүлэг” гэдгээ харуулсаар байна.
Дэлхийн улс орнууд байгалийн нөөцөө, хамгийн шилдэг технологийн дэвшилд тулгуурлан амжилттай ашиглаад эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрч, өнөө бидний асуудал болсон эрчим хүч, автозам, агаарын бохирдол, нийгмийн хамгааллын асуудлаа шийдчихээд явж байхад Монголчууд “Тамын тогоо”-ны үлгэрээ үргэлжлүүлсээр хөрөнгө оруулагчдыг хөөж явуулах, хулхидах гэх мэт увайгүй үйлдлээ гаргасаар байна.
Сүүлийн жишээг дурьдахад Ховд аймгийн Мянгад суманд байрлах “Халзан бүрэгтэй” төслийн талбайд нэр бүхий иргэд, Төрийн бус байгууллагуудын зохион байгуулсан зөрчилдөөн, иргэдийг турхирсан үймээн болсон бол Төрийн ордонд Францын Орано компанитай хийх хөрөнгө оруулалтын гэрээний угтвар нөхцөл болгож Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэх үед парламентын гишүүд нь хоёр толгойтой тугал, найман хөлтэй ишиг төрсөн, аюултай, хортой гэх мэт зүйлсийг ярьж, олон нийтийг буруу мэдээллээр айлган, турхирч, уран олборлох хийгээд түүнийг хэрхэн ашигладаг талаар анхан шатны мэдлэггүй гэдгээ батлаад сууж байх жишээтэй.
Бид зохиомол айдас, худал мэдээллээр олон нийтийг цэнэглээд, хэрүүл тэмцэлээ хийсээр суувал өнөөгийн “өрөвдөлтэй” байдлаасаа алхам ч урагшлахгүй гэдгийг хөндлөнгөөс харж буй олон улсын байгууллагууд зөвлөмжөөрөө дамжуулан хэлсээр байгааг анхаарч үзэх цаг хэдийн болсон.