Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр /2024.11.07/ өглөө 10.00 цагаас эхлэн орой 19.00 цагт дуусаж, шүүгч шийдвэрээ танилцуулсан.
Хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг дэнсэлж, улсын яллагчаар Н.Улсболд, Б.Энх-Эрдэнэ нар оролцсон юм.
Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хаалттай хэлэлцсэн бөгөөд магадлал гаргасныг олон нийтэд нээлттэй танилцууллаа.
“Магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны долдугаар сарын 18, 19-ны 707 дугаартай шийтгэх тогтоол давж заалдах шатны гомдол гаргасан хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэгт нотолбол зохих зүйлүүд батлагдаж тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Хэргийн бодит байдлыг тогтоож, хуульд нийцсэн шүүгдэгчид холбогдох хэргүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн үйлдсэн хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн хэргийн хэм хэмжээнд нийцсэн байна гэж дүгнэж байна.”
Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэр