Зариг сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал 3 хоногийн дараа буюу 11 сарын 7-ны өдөр болох гэж байна. Түүнд анхан шатны шүүхээс 5 зүйл заалтаар 4.9 жилийн хорих ял оноогоод байгаа юм. Анхан шатны шүүх хурал хаалттай өрнөсөн. Харин энэ удаад төрийн нууцтай холбоотой хэргээс бусад хэргийг нээлттэй шүүх ёстой талаар хуульч болон сэтгүүлчид үзэл бодлоо хуваалцлаа.
СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ТӨРИЙН НУУЦТАЙ ХАМААРАЛГҮЙ ХЭРГҮҮДИЙГ НЭЭЛТТЭЙ ШҮҮХ БОЛОМЖТОЙ
Хууль зүйн ухааны доктор,профессор Б.Батзориг
Төр өөрийн нуухыг хүссэн зарим хэргээ хаалттай явуулдаг энэ хуулийг янз янзын байдлаар оруулдаг жишээлбэл хүүхдийн хэрэг хаалттай байх ёстой дэлхий нийтээрээ ийм жишигтэй. Гэтэл тухайн хэргийг хаалттай болгохын тулд тэр хэрэгтэнд хүүхэдтэй хамаатай хэрэг нэмж оруулааад хэргийг нь бүхэлд нь хаалттай явуулчихдаг. Яг үүнтэй адилхан төрийн нууц бас л олон улсад хаалттай байдаг. Гэхдээ төрийн нууцтай холбоотой асуудал үүссэн гээд бусад хэргүүдийг буюу төрийн нууцтай хамааралгүй хэргүүдийг бүгдийг нь улсын нууц гээд хаалттай хэлэлцүүлж байна гэдэг чинь өөрөө цаанаа тодорхой улс төрийн нөлөө байна аа гэсэн үг. Тийм учраас төрийн нууцтай холбоотой хэсгийг хаалттай явуулаад төрийн нууцтай хамааралгүй хэргийг нь тусад нь нээлттэй явуулах боломж бий.
ӨНӨРЦЭЦЭГ 5 ХЭРЭГТ ХОЛБОГДСОН. ҮҮНИЙ 4 ХЭРГИЙГ НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХЭРЭГТЭЙ
Глоб интернэшнл төвийн хуульч Л.Галбаатар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдааныг нээлттэй хаалттай явуулах асуудлыг зохицуулсан байдаг. Нэгдүгээрт нээлттэй явуулна. Төрийн нууцад хамаарах хэрэг дээр бол хаалттай явуулах зохицуулалт байдаг. Гэхдээ бүрэн хаалттай биш тухайлбал сэтгүүлч Өнөрцэцэг 5 хэрэгт яллагдсан байгаа бол төрийн нууцыг хууль бусаар олж авах гэдэг хэргийг нь хаалттай явуулаад бусад 4 хэргийг нээлттэй явуулах хууль зүйн боломж байгаа. Тэгэхээр энэ дээр тухайн шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг даргалагч нээлттэй явуулах боломжийг ашиглах юм бол хууль зүйн хувьд боломж байна. Бидний зүгээс ч гэсэн шүүх хуралдааныг хэсэгчлэн буюу ихэнхийг нь нээлттэй явуулах нь зүйтэй гэдэг шаардлагыг тавьж байна. Яагаад гэхээр тухайн шүүх хурал сэтгүүлч үнэхээр гэмт хэрэг үйлдсэн юм уу, үгүй юу гэдэг дээр бүрэн хариултыг өгнө. Одоо мэдээлэл нь нууц учраас дүн шинжилгээ хийх, дүгнэлт хийх боломж байхгүй учраас бид нээлттэй хийхийг уриалж байгаа. Нээлттэй хийснээр сэтгүүлчид хэрэгт холбогдоход үнэхээр гэм буруутай юу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй ял аваад байдаг ийм буруу жишиг тогтох гээд байгаа учраас бид нар нээлттэй явуулахыг уриалж байна.
Н.ӨНӨРЦЭЦЭГТ ҮЙЛДСЭН ГЭМ НҮГЭЛ,АЛДАА ДУТАГДАЛ БАЙГАА ЮМ БОЛ НЭЭЛТТЭЙ ШҮҮЖ ӨГӨӨЧ. СЭТГҮҮЛЧ БИД СУРГАМЖ АВЪЯ
Eagle телевизийн тоймч Г.Улсболд
Өнөрцэцэгт холбогдох хэргийг эрүүгийн хэргийн шүүх рүү шилжүүлэхээс өмнө прокурорын хяналтад байхад нийгмийн сүлжээгээр маш их гүтгэлэг тэр хүн рүү чиглүүлж явуулсан. Энэ болгоны цаана юу байгаа вэ гэдэг эрүүгийн хэргийн шүүх хурлын явц дээр харагдана. Үнэн юм уу худлаа юм уу. Өнөрцэцэг энэ нийгэмд байж болохгүй хүн үү эсвэл энэ цэвэр гүтгэлэг үү гэдгийг нийгмийн бүх оролцогч талууд мэдэх ёстой. Энийг яаж мэдэх вэ гэхээр шүүх хурлыг нээлттэй хийж. Өнөрөө анхан шатны шүүхээ, давж заалдах шүүхээ аль алийг нь нээлттэй явуулъя гэж хүссэн. Энэ хэрэг дээр улсын нууцтай холбоотой хэрэг бий. Тэр хэсгээ зөвхөн хаалттай, хэсэгчилж хаалттай явуулах хэрэгтэй. Би өөрөө Канад болон Европын шүүхтэй танилцаад явсан. Бусад улсуудын шүүх хаалттай хэлэлцэх хэсгээ л хаалттай шүүгээд бусад хэргийг нь нээлттэй шүүдэг. Нээлттэй шүүснээр иргэд, сэтгүүлчид, судлаачид мэдээлэлтэй болно. Алдаа дутагдал байгаа бол энэ сэтгүүлчийн кейсээс бид нар ямар алдаа гаргаж болохгүй юм бэ юу алдаанд хүргэдэг юм бэ гэдгийг суралцах боломжтой.
СЭТГҮҮЛЧДЭД ЭНЭ МЭТЭЭР ЯЛ ОНООЖ БАЙГАА НЬ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙНА
Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах
Төрийн нууцтай холбоотой шүүх хурлыг хаалттай зохион байгуулах журмыг ойлгож байгаа боловч бусад хэргүүд нь заавал олон нийтээс хаалттай байх шаардлага байгаа эсэхэд эргэлзэж байна. Нөгөө талаар энэ асуудал нь өөрөө олон нийтийн дунд асар өндөр маргаантай байгаа. Дээрээс нь хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд, сэтгүүлчид, нэн ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүлчдийг тодорхой хэмжээгээр нийтэд хаалттайгаар шүүгээд хорих ял оноож байгаа нь хэвлэлийн эрх чөлөөний хувьд өндөр хохиролтой. Айдаст автуулах, дарамтлах, айлгах хэрэгсэл болж байна. Дараагийн удаа би дугарахгүй байх хэрэгтэй юм байна гэдэг ийм хандлагыг бий болгох эрсдэлтэй байна.Тиймээс шүүх хурлыг зохион байгуулахдаа асуудал нь хаанаа байгаа юм, ямар хэргийн улмаас ял шийтгэл хүртээж байгаа юм бэ гэдгийг нийтэд нээлттэйгээр зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байна.
ТҮҮНИЙГ ШҮҮХ АРАЙ Ч ИНГЭЭД ХЭЛМЭГДҮҮЛЧИХГҮЙ БАЙХ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
Франц Пресс агентлагийн сэтгүүлч Б.Халиун
Сэтгүүлчид хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөд тэр хүмүүсийн дуу хоолой болж явдаг хүн. Хүмүүсийн төлөө ажил мэргэжил, цаг зав, нэвтрүүлэг нийтлэл, мэдээгээ зориулдаг. Гэтэл хүний эрхийг хамгаалдаг сэтгүүлчид маань өөрсдөө шүүх дээр очоод хүний эрхээ хамгаалж чадахгүй, хүний эрхээ бүр уландаа гишгүүлж байгаад маш их харамсаж байна. Сэтгүүлч Өнөрцэцэгийг 5 хэргээр шүүхээр гэм буруутай гэж тогтоогдсон. 2 жил оноосон гээд байгаа хэрэг нь гэмт хэрэгтний мэдээллийг урьд нь ял шийтгэл эдэлж байсан байна аа гээд ил болгосон явдал. Энэ хэргээс болж 2 жилийн хорих ял авсан гэж сонсоод маш их гайхсан, цочирдсон. Мөн төрийн нууцад хамаарах бичиг баримтыг ажилтных нь машинаас олсон гээд 1 жилийн хорих ял. Ийм мэдээллүүдийг хараад маш их цочирдсон. Үнэхээр гайхсан. Дээр нь шүүхэд итгэх итгэл маш их буурсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Одоо давж заалдах шатны шүүх хурал нь болох гэж байна. Давж заалдах шатны шүүгчдэд ч гэсэн найдлага тавьж байгаа. Арай ч хүнийг хэлмэгдүүлэхгүй байх гэж итгэж байна. Монгол улс чинь хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орон Монголын шүүгчид арай ч тийм шударга бус байхгүй гэж итгэж байна.
ӨНӨРЦЭЦЭГИЙН КЕЙС БОЛ ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХИЙГ ДАЛД, ХУУЛЬЧИЛСАН АРГААР ХААН БООГДУУЛЖ БУЙ ЯВДАЛ
Чөлөөт сэтгүүлч Т.Ананд
Төрийн нууц гэдэг нэрийдлээр олон сэтгүүлч болон иргэний нийгмийн байгууллагуудыг ажлыг нь хийлгэхгүй байна. Өнөрцэцэг сэтгүүлчийн хэрэг анхны кэйс биш. Энэ хэрэг нь сэтгүүлчдийн дуу хоолойг боомилох ард иргэдийн мэдэх эрхийг далд, хуульчилсан аргаар хааж боогдуулж буй үйл явдал гэж харж байна.