Хайр хуучирдаггүйг харуулсан олон арван ахмад хосууд өчигдөр Гэрлэх ёслолын ордонд есөн эрдэнийн хуримаа хийлээ. Бид энэ үеэр амьдралын жаргал зовлонг хамтдаа хуваалцаж, нэгэн цул болоод 55 жил амьдарсан Д.Өлзийдэлгэр, Г.Загдхорлоо нарыг онцолсон юм. Хоёр биеэс өөр юу ч үгүй нийлэн, хайр сэтгэлээрээ амьдралаа холбож байсан тэд өнөөдөр 30-уулаа болж, өнөр өтгөн ам бүлээрээ баяраа тэмдэглэж явсан юм.
НАСНЫХАА ХАЙРТЫГ НЭГЭНТ ОЛЖ АВСАН БОЛ ҮНЭНЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Д.Өлзийдэлгэр: Бид хоёр 55 жил амьдарсан. Алтан хурим хийж байгаа. Маш их баяртай байна. Үр хүүхдүүд цуглаад л сайхан байна шүү дээ. Бид хоёр таван хүүхэдтэй. Нэг мэдэхэд л 55 жил болсон байна. Эргээд залуу насаа санахад их л гоё байна. Энэ 55 жилийн дотор ханиа хайрлаж, үр хүүхдээ зөв өсгөж, үр хүүхдээ өнчрүүлэхгүй байж, үнэнч байхыг эрхэмлэж, ханийгаа хайрласаар байлаа. Энэ хугацаанд янз бүрийн зүйл болно шүү дээ. Залуугийн асуудал их амархан л санагдаж байна. Ядах юмгүй. Хайр гэж үнэнч байдлыг л хэлнэ. Залуу улсууд нэгнээ хайрлаад, дахиад нэгийг хараад, нөгөө хайртай хүнээ хаячихдаг бол буруу. Үнэнч хайр, насныхаа хайрыг олж л авах хэрэгтэй. Насныхаа хайртыг нэгэнт олж авсан бол тэрэндээ үнэнч, үр хүүхдээ зөв өсгөж, үлгэр дуйрайлал үзүүлж, аавын үүргийг сайн гүйцэтгэх хэрэгтэй гэв.
ХАНИА ЗӨВ СОНГОЖ, ХАДАМ ТАЛАА ИХ ХҮНДЭТГЭЖ, ӨӨРИЙН ЭЦЭГ ЭХЭЭС ЯЛГААГҮЙ БОДОЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Г.Загдхорлоо: Өнөөдөр үр хүүхдүүддээ л их баярлаж байна. Манай ач, зээ, хүүхдүүд нийлээд 30-уулаа боллоо. Сайхан байна аа. Амьдралд хамгийн гол нь ханиа зөв сонгох юм болов уу л гэж бодож байна. Ханиа зөв сонгож, хадам талаа их хүндэтгэж, өөрийн эцэг эхээс ялгаагүй бодож байх хэрэгтэй. Худ ургууд их сайхан харилцаатай байх нь хоёр хүүхдийн амьдрал жаргалтай байхын эхлэл. Хоёр талынхаа худ ургуудынхаа хүчээр л их сайхан явдаг даа. Эцэг эхийнхээ зөвлөгөөг сайн авах хэрэгтэй. Одооны хүүхдүүд бол хүний зөвлөгөө авахгүй байна шүү дээ. Дур дураараа загнаад л нэг найзтай болдог. Тэр нь сүүлдээ найз л болно уу гэхээс хань болдоггүй гэсэн юм.
60 ЖИЛ ХАНИЛСАН ХОС, ДӨНГӨЖ 20 НАСТАЙ ГЭРЛЭЖ БАЙГАА ХОСУУДЫН БИЕНЭЭ ХАРАХ ХАЙРЫН ХАРЦ ИЖИЛ, МАШ ГАЙХАЛТАЙ
Бид үргэлжлүүлэн Гэрлэх ёслолын ордны, Ёслол удирдагч Б.Амгалангаас есөн эрдэнийн хуримын талаар тодрууллаа.
Тэрээр, “Өнөөдөр нийслэл хот байгуулагдсаны 385 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдөр бид БЗД-ийнхээ ахмад гэр бүлүүдийн есөн эрдэнийн хуримыг зохион байгуулж, нийслэлийн түүхт ойн өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Хайр хөгширдөггүй гэдгийг би ажлаа хийж байхдаа хардаг. Яагаад гэвэл 50 жил ханилсан хос, 60 жил ханилсан хос, дөнгөж 20 настай гэрлэж байгаа хосуудын биенээ харах хайрын харц ижил, маш гайхалтай. Үүнээс би хайр хэзээ ч хөгширдөггүй, үргэлж залуугаараа байдаг. Тийм учраас маш агуу юм байна. Насан туршдаа биедээ маш үнэнч, нэгнээ хүндэлж амьдрах юм бол яг энэ алтан, очир хуримаа хийж байгаа хосууд шиг хайрыг мэдэрч, аз Жаргалтай байх боломж байдаг юм байна шүү” гэлээ.
Харин БЗД-ийн ахмадын хорооны дарга Г.Мөнхдөл: БЗД-ийн ахмадын хороо, БЗД-ийн Засаг Даргын Тамгын Газар, Гэрлэх ёслолын ордонтой хамтраад, ахмадын настнуудын хүүхдүүдээс гаргасан хүсэлтийг үндэслээд өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм аа гэж ярив.
1