Монгол Улсын төсвийг, эрх баригчид Тэрэлж зочид буудалд 50 сая төгрөгөөр хэлэлцсэн байна. Энэ нь сайд нар Тэрэлжид хонон, найр наадам хийхийн наагуур юм болж, хуралддаг анхны жишээ биш. Хуралдах нэрийн цаана ууж идэж, төсвийн мөнгөөр доргиж байсан олон жишээ бий. Харин ч энэ удаагийн ууж идэхдээ урсгасан мөнгө 50 сая төгрөгөөр тогтож байна. Өмнөх жилүүдэд 87 сая төгрөгөөр доргиж байсан удаатай. Гэвч мөнгө нь яамдаас буюу иргэдийн халааснаас урсдаг.
Ялангуяа Ч.Номин сайд болсноос хойш Засгийн Газрын гишүүдээ Тэрэлжид, өөрийн зочид буудалдаа аваачин төлбөрийг нь төсвөөс төлдөг байсан нь нууц биш. Хана хүртэл чихтэй хаалга хүртэл нүдтэйн адилаар Ч.Номин сайдын эл үйлдлийг ордноор нэг “хэлэлцэж”, ярих нь ч бий. “Номин сайд өлөн зантай. Зочид буудалдаа сайд нарыг урьчхаад, хямдрал үзүүлдэггүй. Төлбөрөө бүтэн төлүүлдэг. Ерөнхий сайд буудалд нь хоноогүй байхад, буудлын мөнгийг нь төсвөөс төлүүлчихсэн” гэх мэт яриа жиг жуг хөвөрнө. Ямартай ч ард түмний хуруу хумсаа махийлган байж төлдөг татварыг тэд ингэж зарцуулдаг.