Түүний өрөөний хаалга үргэлж онголзож хаалгаар шагайх нас насны хүүхдүүд дотно нэгэнтэйгээ аль эсвэл үеийн найзтайгаа ярьж буй мэт завтай байна уу багшаа, хэзээ дуусах вэ, ярилцах зүйл байна аа гэх мэтээр яаруулан сандаргана.
Хүүхдүүдэд өөрийн халуун дулаан энергиэ харамгүй зарцуулдаг тэрээр эргээд энэ л хүүхдүүдийнхээ урмын үгсээр тэжээгддэг биз. Түүнийг Гомбожавын Нямдаваа гэдэг боловсролын салбарт нийгмийн ажилтан мэргэжлээр 12 дах жилдээ ажиллаж буй нэгэн. Ярилцаж байх үед толгойд нэг л зүйл эргэлдэж байсан нь үнэхээр хүн сэтгэл итгэлээр л тэжээгддэг амьтан юм байна шүү дээ гэх бодол.Тэрээр нийгмийн ажилтан гэх мэргэжил юу хийж байгаа нь тодорхойгүй хамт ажиллаж байгаа хүмүүстээ ч үр дүн нь харагддаггүй үнэлэмж муутай ажил л даа. Үүнийг аргацааж хийх боломж бий гэхдээ үнэхээр мэргэжлийн үнэ цэнээ ойлгож үр ашгийг мэдвэл олон хүүхдийн хувь заяа, ирээдүйг өөрчлөх боломжтой сайхан мэргэжил юм шүү гэж залуу мэргэжилтнүүдэд захисан юм.
ХҮҮХДЭД ИТГЭЛ, АНХААРАЛ ДУТСАНААС БУРУУ ЗАМ РУУ ХЭЛТИЙДЭГ
Би “Муу хүүхэд гэж байхгүй харин хариуцлагагүй томчууд гэж бий” гэх үгийг хэлж бас зарчмаа болгон ажилладаг. Хэчнээн эвдэрч буруу замаар орсон хүүхэд байлаа ч итгэлийг нь олсныхоо дараа ярилцангаа мөхөөлдөс долоож суухад инээд хөөр цалгисан цовоо хоолойгоор тохиолдсон хөгжилтэй зүйлээ илэн далангүй ярьдаг. Хэцүү зүйлсээ ч тэр нулимс унаган ярина. Ийм чанартай ярилцлагын дараа хүүхдэд заавал сайн өөрчлөлт гардаг юм шүү. Тэр ёстой хэцүү хүүхэд, буруу замаар орсон, хаашдаа өнгөрсөн гэж шогшрохоосоо өмнө түүнийг хүүхэд гэдгийг санаарай. Бүхий л зүйл нь төлөвшөөд тогтчихсон бие хүн биш шүү дээ. Хүн болохын тулд унаж бүдэрч,босож тэмцэж яваа хүний үр. Зан төлөвийн өөрчлөлтөд орсон хүүхдийн ард хариуцлагагүй үл хайхарсан гэр бүл эсвэл үе тэнгийнхнээсээ ойр дотнын хэн нэгнээсээ авсан сэтгэлийн шарх байх нь олонтаа
АСУУДАЛТАЙ ХҮҮХДЭД ЭЕРЭГ ҮР ДҮН ГАРАХАД ХҮРЭЭЛЛИЙНХ НЬ ХҮҮХДҮҮДИЙН ЗАН ТӨЛӨВ ДАГААД ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙСАН
Монголд 1500 хүүхдэд 1 нийгмийн ажилтан оногддог юм. Энэ нь хүүхэд тус бүртэй тулж ажиллах боломжгүй гэсэн ойлголтыг өгдөг. Гэвч чи нэг ч болов хүүхдэд нүдэнд харагдах өөрчлөлт үзүүлж чадахгүй байгаа бол ажлаа “илж” хийгээд байна. Огт гүнд нь орохгүй байна аа л гэсэн үг. Сургуулийн нийгмийн ажилтан гэдэг хүүхдүүдийг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх бас тэднийг хамгаалах үүрэгтэй. Тиймээс шинэхэн нийгмийн ажилтнууддаа зөвлөхөд олон гэж тооноос нь бүү сүрд урт хугацаа зарцуулах боловч нэг хүүхдэд эерэг үр дүн гарахад тэр хүүхэд өөрийн хүрээллийн, ангийнхаа маш олон хүүхдэд эергээр нөлөөлж эхэлдэг. Тэднийг “нар” гэж нэрэлдэг нь зүгээр нэг утгагүй зүйрлэл биш шүү дээ
СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН, СЭТГЭЛ ЗҮЙЧИД ГАР НИЙЛЖ АЖИЛЛАСНААР ОЛОН ХҮҮХДЭД ТУСЛАХ БОЛОМЖТОЙ
Би мэдэх зүйлийнхээ хэмжээнд өөрийн ажил, амьдралын туршлагын хүрээнд л хүүхдэд тусалж, нөлөөлж чадна тэрнээс цааш томоохон сэтгэл зүйн асуудалд нөлөө үзүүлж чадахгүй учир түүнийг сэтгэл зүйчид даатгана. Нэг хүүхэд дээр хамтарч ажиллахад илүү хурдан үр дүнд хүрдэг. Мэдээж зан төлөв биеэ авч яваа байдал нь сөргөөр өөрчлөгдөж байгаа хүүхдийн сэтгэл зүйд ямар нэг зүйл хүчтэй болон саармаг байдлаар нөлөөлж байгаа. Том хүний өнцгөөс биш ижил насны хүүхдийн өнцгөөс харах нь чухал. Өөрийн өнцгөөс хараад сүртэй юм бэ тэр байтахаа асуудал тулгарна гэх мэтээр сэтгэл мэдрэмжийг нь үгүйсгээд байвал үр дүн гарахгүй шүү дээ. Энэ насанд энэ зүйл маш том асуудал дарамт мэтээр мэдрэгддэг шүү. Түүний хувьд одоогоор үе тэнгийнхэн найзууд нь бүх л ертөнц нь тэднээс ирэх дарамт шахалт,, ялгаварлал санаанд оромгүй их нөлөө үзүүлнэ гэх мэтээр бодож ойлгодог.
ХЭЦҮҮ ЗАМЫГ ТУУЛСАН Ч ЗӨВ ХҮН БОЛЖ ТӨЛӨВШСӨН ШАВЬ НАР МИНЬ ОДОО Ч МИНИЙ УРАМ ЗОРИГ, ХҮЧ БОЛДОГ ХЭВЭЭР
12 жил энэ мэргэжлээр ажиллахдаа аль болох олон хүүхдэд хүрч бага ч болов үр дүн гаргах юм сан гэсэн зорилготой явж иржээ. Одоо эцэг эх болж амжилттай ажиллаж амьдарч яваа шавь нар минь таны ачаар гэх үгийг хэлэн эргэж холбогдсоор байдаг нь ахиад олон олон хүүхдэд хүрч ажиллах юм сан гэх хүслийг бадрааж хүч өгдөг юм. Магад би энэ ажлаа амьдралаа дуустал хийх байх.