Үе хоорондын ялгаа болон тэдгээрийн үл ойлголцол дан ганц Монголд тулгарч буй асуудал биш дэлхий нийтээрээ анхаарал хандуулж судалж буй асуудал билээ.
Intelligent.com сайтаас 900 гаруй компанийн удирдлагуудыг хамруулан хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийхэд 6 бизнес эрхлэгч тутмын 1 нь Z үеийг зан төлөвийн тогтворгүй байдал, мэргэжлийн ур чадвараас нь хамаарч ажилд авахдаа эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.Түүнээс гадна 10 ажил олгогч тутмын 6 нь 2024 онд ажилд орсон төгсөгчдийг ажлаас нь халсан гэсэн судалгааны үр дүн гарчээ.
Манай улсад 40-60 мянган иргэн ажилгүй байгаа бол ажил олгогчдод 30-40 мянган ажлын байр сул байгаа талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээлсэн. Үүнээс харахад хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт бараг л тэнцэж байгаа харагдаж байна. Гэвч нөгөө талдаа ажил хайгч иргэн байгууллагын шалгуурт нийцдэггүй, мөн ажил хайж байгаа хүний шалгуурт байгууллага нь нийцдэггүй асуудал байгаа учир ажиллах хүчний хомсдол үүссээр байгаа юм.
Тэр дундаа Z үеийнхэн болон ажил олгогч нарын хооронд хамгийн их үл ойлголцол үүсэх болсон. Учир нь Z үеийнхэн өмнөх үеийнхэн шиг олонхыг дагахыг хүсдэггүй бөгөөд өөр өөрийн ертөнцтэй өөрийнхөөрөө аз жаргалыг тайлбарладаг. Мөн тэдний хувьд зөвхөн ажил орлого гэхээс илүүтэй хувийн өсөлт хөгжилдөө анхаарч дуртай зүйлээ хийх нь чухал гэнэ. Ажлын байрны тухтай орчин, ойлгож итгэсэн эерэг харилцаа тэднийг ажлын байранд тогтоон барьж үр бүтээмжтэй ажиллахад хамгийн их нөлөө үзүүлж байгаа талаар олон судалгаанд дурдсан байна.
2035 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амын 43 хувийг Z үеийнхэн эзлэх бөгөөд ажил олгогч байгууллагууд хүний нөөцийн бодлогоо тэдний зан төлөв, онцлогтой тохируулан эрс шинэчлэх шаардлага үүсэж байна.
1 сэтгэгдэл