Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууцны барилга байгууламжийг нийслэлийн мэдэлд шилжүүлэх шийдвэрийг энэ сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Ингэснээр Дэнжийн 1000, Ногоон нуур, Радио телевиз орчмын айл өрхүүдийг ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох орон сууцны хороололд газраар нь сольж нүүлгэн шилжүүлэх ажлыг Улаанбаатар хот хариуцахаар болж байна.
Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул: “20 минутын хот” концепцын хүрээнд гэр хорооллыг дэд бүтэцтэй орон сууцанд хамруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ ажлын нэг хэсэг нь Чингэлтэй дүүргийн 7, 8, 9 дүгээр хороонд хэрэгжих боломж бүрдлээ. Нийт 4.2 га газарт баригдаж байгаа 1008 айлын орон сууц нь ил, далд зогсоол, ногоон байгууламж зэрэг хүний хэрэгцээг нэг дор цогцлоосон байхаар тооцоолж байна.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Б.Мөнхбат: 1008 айлын орон сууц нь хажуудаа 960 хүүхдийн сургуультай, 240 хүүхдийн цэцэрлэгтэй байхаар төлөвлөсөн. Цэцэрлэгийн барилга одоо баригдаж байна. Нэг дутагдаж байгаа зүйл нь эрүүл мэндийн байгууллага. Тиймээс нэмж газар чөлөөлж эмнэлэг барих шаардлагатай гэж үзэж байна. Энэ төлөвлөгөөг суулгаад хэрэгжүүлэх боломжтой.
Нийт 8 блок 21 давхар барилгаас бүрдэх 1008 айлын орон сууц нь давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө бүхий 6 айл байрлахаар төлөвлөгдсөн байна. Чингэлтэй дүүргийн гэр хорооллыг орон сууцжуулах ажил ийнхүү хойд хэсгээсээ Дэнжийн мянгаас 1008 айлын орон сууц, урд хэсгээсээ 32-ийн тойргоос Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын бүс нутгийг хамарч хоёр талаасаа зэрэг хэрэгжиж эхэллээ.