Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих амлалтынхаа хүрээнд “Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Цогт-Овоо болон Ханбогд суманд тус тус 500,000 болон 250,000 модны тарьц, суулгацыг жил бүр бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг байгуулан, хүлээлгэж өглөө.
“Оюу толгой” компанийн “100 сая мод” хөтөлбөрийн нэг чухал зорилго нь ойжуулалт, үрийн нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн газрын дэд бүтцэд хөрөнгө оруулах бөгөөд энэхүү зорилгынхоо хүрээнд Монгол Улсын хэмжээнд нийт 10 иж бүрэн тоноглогдож, механикжсан мод үржүүлгийн газар байгуулах ажлыг төлөвлөсөн бөгөөд үүнээс таван мод үржүүлгийн газрыг
Өмнөговь аймгийн Ханбогд, Цогт-Овоо, Манлай, Баян-Овоо, Сэврэй сумдад барьж байгуулах юм.
“Оюу толгой” компани “Нэг зуун сая мод” хөтөлбөрөөрөө хийхээр төлөвлөсөн онцлох ажлуудаас дурдвал:
-
Монгол орны үндсэн ойн санг бүрдүүлдэг сэрүүн бүсийн ой тархсан Сэлэнгэ, Хэнтий, Төв, Архангай аймгуудын нутаг дэвсгэрт ойжуулалт хийж 42 сая мод тарих;
- Агро-ойн зурвас, жимсний аж ахуйг байгуулах, томоохон голуудын татмыг ойжуулах замаар урсцыг хамгаалах, нэмэгдүүлэх зорилгоор 3.2 сая мод тарих;
- Агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж эрүүл, ээлтэй амьдрах орчныг бий болгох зорилгоор 200 га талбайд ногоон байгууламж байгуулах;
- 360 га талбайд авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах; хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон 500 га газрыг нөхөн сэргээх, ойжуулах
- Ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх, гадаад дотоодын их сургуулиудын хооронд багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, ойн мэргэжлээр дотоодын их сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр зарлах;
- Ойн салбарт судалгаа, хөгжүүлэлт хийх; тарьц суулгацын нөөцийг нэмэгдүүлэхэд бага, дунд оврын 10 мод үржүүлгийн газар байгуулах;
-
Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан бага, дунд оврын 10 хүртэлх мод үржүүлгийн газрыг дэмжин тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэг юм.