Монголын нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн алдарт “Боржигоны бор тал” шүлгийг өөрчилж, “Боржуурын бор тал” нэртэй хувилбарыг ХҮН намаас НИТХ-д нэр дэвшигч С.Эрдэнэбулган дуу дүрс оруулан олон нийтийн сүлжээнд байршуулсан нь сүүлийн өдрүүдэд цахим орчинд олны анхаарлыг ихээр татаж, заримдаа маргаан дэгдээхэд хүргэлээ.
Уг өөрчлөлт нь нийгмийн цаг үеийн асуудлуудыг хурцаар хөндөж, агаарын бохирдол, шахмал түлшний утаа, замын түгжрэл, тендерийн шударга бус байдал зэрэг сэдвүүдийг дараах байдлаар дүрсэлсэн байна:
“Санаа алдахад шахмал түлш тагнайд амтагдаж,
Салхины үзүүрийг залгихад угаар хоолойд аргасан,
Боржуурын бор тал минь”
Мөн:
“Тэргэл саран туулж баралгүй зам дээр нь түгжирч хонодог,
Тендерчдийн хэвтэр буурал тал минь”гэсэн мөрүүдээр өнөөгийн нийгмийн бухимдлыг илэрхийлжээ.
Энэ хувилбарыг зарим уншигчид их найрагч Лхагвасүрэнгийн шүлгийг өөрчилсөнд шүүмжлэлтэй хандаж байгаа бол зарим нь үүнийг нийгмийн одоогийн байдалтай уялдсан, цаг үеэ олсон өөрчлөлт гэж үзэн дэмжиж байна.
Бид удахгүй уг хувилбарыг нийтэлсэн С.Эрдэнэбулганаас уг өөрчлөлтийн талаар тодруулга авсан ярилцлагаа хүргэх болно.