Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.
Тэрээр хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг онцлов.
Ерөнхийлөгч То Лам манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд тууштай өргөжин хөгжиж ирсэн бөгөөд хүнд бэрх цаг үед монгол, вьетнамын ард түмэн бие биеэ харилцан дэмжиж, найрсгаар хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалтайг сайшаан тэмдэглэв.
Талууд цаашид хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов
Эx Сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газap