Боловсролын сайд Б.Наранбаяр Монголд Коосэн технологийн коллеж үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын хуралд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Японы Коосэн сургуулийг жишиг болгон 2014 онд Монгол Улсад байгуулагдсан гурван коосэн сургууль нь өдгөө инженерийн дэд бакалаврын зэрэг олгох эрхтэй болж, барилга, механик, хими болон био, цахилгаан электроникийн инженерийн хөтөлбөрөөр нийт 673 инженерийг бэлтгэжээ.
Тус сургуулиуд амжилттай магадлан итгэмжлэгдэж, Монголд Коосэн боловсролын системийг үр дүнтэй нутагшуулснаар 20 настай төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд гарах, оюутнууд нь мэргэжлийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож туршлага хуримтлуулах зэрэг олон боломж, таатай нөхцөл бий болж байна.
Монгол Улсын Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулийг түшиглэн Коосэн сургуулиудыг нэмж байгуулан хөгжүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, дутагдалтай байгаа инженер технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх бодлого баримталж буй.
Иймд цаашид Коосэн технологийн коллежийн үйл ажиллагааг өргөжүүлж, чадварлаг залуу инженерүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийлэв.
Эx Сурвалж: Боловсролын Яам