Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа. НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Говьсайханаас Сүхбаатар дүүрэгт ямар шийдэл өвөртөлж ирсэн талаар нь тодрууллаа.
-Сүхбаатар дүүрэгт юу хийж, хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ?
-Сүхбаатар дүүргийн МАН энэ удаагийн сонгуульд ухаалаг, хүнлэг, хурдан хотыг байгуулъя гэдэг уриаг дэвшүүлж байгаа. Сүхбаатар төвийн дүүрэг. Гэсэн хэдий ч хийж хэрэгжүүлэх ажил олон байна.
Хуучны орон сууцнуудын дулааны алдагдлыг багасгах, орон сууцжуулах, сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал гээд нэн тулгамдсан асуудлууд байна. Сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмж тааруу, ихэнх ангиуд 50-иас дээш хүүхэдтэй хичээллэж байгаа дүр зурагтай.
Тиймээс Сүхбаатар дүүргийн МАН Кэмбрижийн хөтөлбөртэй сургуулийг бий болгох ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн. Энэ бол нэн тэргүүнд хийх шаардлагатай ажил.
Сүхбаатар дүүрэг нийслэлийн төсвийн 60 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Томоохон аж ахуй нэгжүүд энэ дүүрэгт оршдог, татвар төлдөг. Гэтэл Сүхбаатар дүүрэг маань хөгжлийн хувьд бусад дүүргүүдээс хоцронгуй байдалтай явж байна.
Хотын төвийн дүүрэг хэр нь ээ гэрэлтүүлэг, камержуулалт байхгүй. Нүхэн жорлонгийн био нойлын асуудал шийдэгдээгүй зэрэг олон асуудал байна. Тиймээс Сүхбаатар дүүрэгт байгуулагдаж байгаа дэд төвүүдийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.
Дэд төвийн хүрээнд 12 мянган айлын орон сууцны төсөл амжилттай хэрэгжээд эхэлсэн. Дараагийн шат буюу Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулах, түгжрэлийг шийдэх, иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах чиглэлд ирэх дөрвөн жил анхаарч ажиллах ёстой гэж бодож байгаа.
Улаанбаатар хотын нүүр царай болсон жишиг дүүрэг болгохын төлөө сэтгэл, зүрхээ зориулан ажиллана.
-Иргэдээ төлөөлсөн сайн төлөөлөгч байхын тухайд та ямар бодолтой явдаг вэ?
-Миний хувьд найман жилийн хугацаанд дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилласан. Төлөөлөгч гэдэг бол даргын ажил биш.
Төр иргэн хоёрын хооронд гүүр болж ажилладаг хүн. Энэ ажлыг зүтгэлтэй, менежер хүн л хийж чадна. Тэгж байж өөрийн хороондоо дүүрэгтээ хөрөнгө оруулалтын ажлыг татаж авч ирэх, иргэдийн санал бодлыг ажилдаа тусгах, иргэдийн саналыг эрэмбэлж, шат дараатай хэрэгжүүлэх ажлыг хувьдаа зохион байгуулах чадвартай байх ёстой.
Миний хувьд тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан тавьсан. Иргэдийнхээ дуу хоолой, төлөөлөл болж ажиллаж чадсан гэж бодож байгаа.
НИТХ-ын Төлөөлөгч Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа томоохон хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдэд хаяналт тавих иргэдийн төлөөлөл болж, хөндлөнгийн хяналт тавих ёстой. Улаанбаатар хотод ирэх дөрвөн жилийн хугацаанд томоохон хэмжээний мега төслүүд хэрэгжинэ. Энэ хэрээр төсвийн хөрөнгийн зөв зохистой зарцуулалт дээр хяналт тавьж ажиллана гэж бодож байгаа.
Мөн Улаанбаатар хот зөвхөн төсөв гэхээсээ илүү төрийн үйлчилгээ дунд шатандаа хэрэгжих үйл явцын хяналтыг сайжруулах хэрэгтэй. Газар олголт, хотын төлөвлөлтийн асуудал зэрэгт хөндлөнгийн хяналт тавих шаардлагатай байгаа.
-Сүхбаатар дүүргийнхэндээ хандаж хэлэх үг байна уу?
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгч гэдэг бол иргэн төрийн хооронд гүүр болсон иргэдийн төлөөлөл.
Тийм учраас энэ ажлыг сэтгэлтэй, хандлага нь зөв, эхлүүлсэн ажлынхаа араас мах руу явдаг, ийм хүмүүс хийх ёстой.
Миний хувьд сонгогдсон тойрогтоо хийсэн ажилтай, нүүр бардам байгаа учраас Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөл болж, ажиллаж чадна.
Хүнлэг, хүн төвтэй, орчин төвтэй, төлөвлөлт төвтэй Улаанбаатар хотыг байгуулах үйлсэд хичээж ажиллах болно оо.