Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2024 оны эхний 8 сарын байдлаар 28.219 гэмт хэрэг бүртгэгдсэний 8103 буюу 28,7 нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл “Залилах” гэмт хэрэг эзэлж байна.
Бүртгэгдсэн залилах гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 831 нэгжээр буюу 9,3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч дээрх статистик үзүүлэлтээс харахад сард 1013, хоногт 33 энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж байна.
Сүүлийн үед сошиал хөгжихийн хэрээр амьд харилцаанаас илүү фэйсбүүк чатаар харилцаатай байх үзэгдэл маш их болсон. Тодруулбал хэн нэгэн хүний фэйсбүүкээр нэвтэрч, мөнгө гуйсан чат бичихэд 4 найзынх нь нэг нь ямар ч нягталж шалгахгүйгээр мөнгө шилжүүлдэг байна.
Тэд маргааш хүртэл мөнгө зээлээч, “50 к нэмээд эргүүлээд өгье”, “дүү маань осолд орчихлоо, Гэмтлийн эмнэлэг дээр байна, эмч рүү нь яаралтай мөнгө хийгээд өгөөч”, “юм авах гэсэн чинь мөнгө дутаад дэлгүүр дотор зогсож байна, худалдагчийн данс руу хийгээд өгөөч” гэх мэтээр чат бичиж, тухайн фэйсбүүкийн эзний ойр дотны хүмүүсээс мөнгө луйварддаг байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас байнга сэрэмжлүүлж байгаа ч иргэд болгоомжгүйн улмаас бусдын данс руу мөнгөө шилжүүлэх тохиолдлууд тасрахгүй байна.
Иймд таны ойр дотны хэн нэгнээс тань фэйсбүүкээр дамжуулж мөнгө зээлээч гэсэн чат ирвэл заавал дүрст дуудлага хийж баталгаажуулж, нягталж шалгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГАЗАР