Үзэсгэлэн буухад 3 хоног үлдлээ
Орчин үеийн сургалтын арга зүйн танилцуулга, үзэсгэлэн энэ сарын 16-ныг дуустал “Блюмон төвийн “Norphei art галерей”-д “Бид уншиж, ойлгон илэрхийлж хэрэгжүүлж чадна” нэртэйгээр тавигдаж байгаа билээ.
Нийслэлийн 84-р сургууль дээр 2022-2023 оны хичээлийн жилд 4-4 бүлэг дээр “Багштайгаа ангиараа уншъя” нэртэйгээр туршигдсан энэ хөтөлбөр 100 хувийн үр дүнг үзүүлснээр боловсролын доктор судлаачид хамтран боловсруулж, “ХҮҮХДИЙН-DM” ҮНДЭСНИЙ ЦОГЦ ХӨТӨЛБӨР (DM – Хөгжил- Development, төлөвшил- Maturity)” гэсэн нэрээр танилцуулж байна.
(Зохиолч А.Дэлгэржаргалын хамт 5-р сургуулийн багш)
Өнөөдөр энэхүү үзэсгэлэнг нийслэлийн ерөнхий болосвролын 5-р сургуулийн бага, дунд ангийн багш нар болон , 3-р сургуулийн 4-р ангийн хүүхдүүд эцэг эхийн хамт сонирхож үеийн найзуудынхаа бүтээсэн урлантай танилцлаа.
Энэ үеэр тэд “Хүүхдийг дэлгэцийн донтолтоос хамгаалах, өөрийгөө нээж хөгжүүлэх, академик болон сэтгэлийн боловсролыг жигд тэнцвэртэй эзэмшихэд энэхүү хөтөлбөр түлхэц болох олон давуу талтай” хэмээн онцолж байв.
“Багштайгаа ангиараа уншъя” хөтөлбөрийн хугацаанд хүүхдүүдийн эх хэлний сан өсөж, унших, бичих, ойлгох чадвар нь нэмэгдэж, өөрийгөө илэрхийлэх, ойлгосон зүйлсээ бодитоор амьдралд хэрэгжүүлэх, төсөөлөн бодох чадвар дээшилж, бүтээлч сэтгэлгээ нь хөгжсөнөөр зураг болон зохион бичлэг бие даан чанартай гүйцэтгэх, бусад хичээлдээ дуртай болох, хичээлийн хоцрогдолтой хүүхдүүд жигд хамрагдах зэрэг академик боловсрол сайжирсан бөгөөд багаараа ажиллах, бусдыг хүндэтгэн хайрлах, бэрхшээлийг даван туулах, ээж аавдаа туслах, гэрийн ажилд хувь нэмрээ оруулах, чөлөөт цагаараа ном идэвхтэй унших, дэлгэц, гар утаснаас холдох, хүүхэд бүр санал бодлоо илэрхийлэх, хүсэл эрмэлзэл дүүрэн байх зэрэг хувь хүний хөгжилд ахиц гарсан эерэг чанарууд эцэг эхчүүдийг гайхшруулж, хөтөлбөр нь сонирхолтой үр дүнг богино хугацаанд үзүүлжээ.
Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн зорилго нь сурагчийг эх хэл, үндэсний соёл, уламжлалаа дээдэлдэг; өөртөө итгэлтэй, бусдыг ойлгож, хүндэтгэдэг; сурах арга барил, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг; эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэдэг иргэн болж төлөвшүүлэхэд оршдог. Тиймээс эдгээр зорилтыг агуулсан, Монгол хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон шинэлэг сургалтын арга зүйг нэвтрүүлж ХҮН БАЙХ ухааныг суулгах зорилгоор хүүхдийн хамгийн дуртай 20 жилийн турш туршигдсан Монголын анхны комикууд болон Динза, Цондоолой Цүндээлэй зурагт номыг сургалтын хэрэглэгдэхүүнээрээ ашиглажээ.
Динза болон Цондоолой Цүндээлэй зурагт ном нь Монгол хэл, Уран зохиол, Иргэний ёс зүйн боловсрол, Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм, Эрүүл мэнд, Дүрслэх урлаг, Хөгжмийн хичээлийн цогц агуулгыг боловсролын стандартын хувьд бүрэн хангасан, дээрх хичээлийн агуулгууд 70-86% орсон бүтээл гэж эрдэмтэн судлаачид төдийгүй дэлхийн шинжлэх ухааны байгууллагууд дүгнэдэг.
Тийм ч учраас National Geographic нийгэмлэгийн байгаль хамгаалагч шинжлэх ухаанч баатруудаар номын баатрууд сонгогдсон. Сургалтын шинэлэг арга зүйг хэрэгжүүлснээр сургууль, сургалтын орчинд анги, хамт олноороо зурагт номуудыг үе шаттай уншиж, агуулгаар олж авсан мэдлэгээ бататгах, өөрийгөө бүтээлчээр илэрхийлж сурах, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, нийгэмдээ сайн үйлс бүтээх иргэдийг төлөвшүүлэх нөхцөл бүрдэх юм.
Дэлхийн комик номын салбарын хөгжил нь ашгийн төлөө, энтертэймент чиглэлээр хөгждөг бол Динза, Цондоолой комик нь үндэсний агуулга, хэв шинжээ хадгалж “боловсрол”-ын агуулгаар цаашид хөгжих ёстойг 2004-2024 оны хооронд 20 жилийн хугацаанд уншигч багачууд, тэдний эцэг эх, багш нарын зөвлөмж, сэтгэгдэл, санал хүсэлт дээр үндэслэж, туршиж баталсан юм.
ХҮҮХДИЙН-DM” ҮНДЭСНИЙ ЦОГЦ ХӨТӨЛБӨР (DM – Хөгжил- Development, төлөвшил- Maturity)”-ийн туршилтын үр дүнгийн үзэсгэлэн, танилцуулга 9-р сарын 16-ныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ амралтын өдрүүдэд та бүхэн гэр бүлээрээ зорин очиж, хүүхдийн гэгээлэг ертөнцтэй танилцаарай.