Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Тогтвортой хөгжлийн зорилт 4-ийн төлөө бид хамтдаа” аяныг 2024 оны 9-р сарыг дуустал зохион байгуулж байна.
Тогтвортой хөгжлийн зорилт 4 буюу “Чанартай боловсролыг дэмжих” зорилтын талаарх мэдлэг ойлголт, мэдээллийг сурагч, эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтнуудад сурталчилж, энэ зорилтыг биелүүлэхэд хүн бүрийн идэвх чармайлт, олон талын хамтын ажиллагаа чухал гэдгийг ойлгуулахад энэхүү аяны зорилго оршино.
Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн хичээлээс гадуурх үйл ажиллагааны хөтөлбөрт Тогтвортой хөгжлийн зорилт 4-ийн агуулгыг тусгаж, хэрэгжүүлэх, боловсролын ач холбогдлын талаар хүүхэд, залуус, олон нийтэд сурталчлан таниулах юм.
Мөн Монголын хүүхдийн зөвлөлтэй хамтран чанартай, тэгш боловсролын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, хүүхэд залуусын санал бодлыг сонсохоос гадна боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлийн талаар салбарын хэлэлцүүлэг хийнэ.
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилт 4 буюу “Чанартай боловсролыг дэмжих” зорилтыг хэрэгжүүлэхийн тулд олон улсын байгууллага, тэр дундаа НҮБ-ын Хүүхдийн сантай боловсролын чанарыг сайжруулах, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг.
Цаашид Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харьцуулж, эрчимжүүлэх арга хэмжээ, бодлого төлөвлөлтийг гаргах дээд хэмжээний чуулган зохион байгуулахаар төлөвлөж байна.