Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр цаг үеийн холбооотой зарим асуудлаар мэдээлэл хийж мөн зарим асуудалд няцаалт өглөө.
Тэрбээр “Цахим орчинд тархаж буй олон худал ташаа мэдээлэлд няцаалт өгье.
1. “Олон улсын эрүүгийн шүүх”-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал өгчээ гэсэн мэдээлэл нь албан ёсны эх сурвалжийн мэдээлэл бус худал, ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.
2. “ДЦС-3 ийн өргөтгөлийг ОХУ-тай хамтарч 1,3 тэрбум еврогоор хийх гэрээ байгуулах гэж байна” гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл юм. Одоогоор хоёр талаас ямар нэгэн үнийн дүн тохиролцоогүй бөгөөд зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.
3. “ОХУ-ын Ерөнхий прокурор зэвсэгтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрэх гэж байсан тул хил дээрээс буцаалаа” гэсэн мэдээлэл нь мөн худал ташаа мэдээлэл болно.
Энэ мэт худал, ташаа мэдээллийг санаатайгаар олон нийтийн сүлжээнд тарааж байгаа тул аливаа мэдээллийн үнэн бодит байдлыг сайтар нягталж байхыг иргэд олон нийтээс хүсэж байна” гэв.