Монголын Жюү Жицүгийн холбооноос монгол улсад гурав дахь том тэмцээнийг хүлээн авч зохион байгуулахад бэлэн болжээ. Тус холбооноос 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 онд насанд хүрэгчдийн дэлхийн чансаа олгодог ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан туршлагатай билээ.
Жюү жицүгийн “Ulaanbaatar Pro-2024” Олон улсын тэмцээн маргааш эхэлнэ
Тэгвэл Монголын Жюү Жицүгийн холбооноос зургаа дахь жилдээ “Ulaanbaatar Pro-2024” Олон улсын тэмцээнийг зохион байгуулна. Энэ бол Олон улсын шилдгүүд чуулдаг томоохон өрсөлдөөн юм.
Хоёр дахь өрсөлдөөн Зүүн Азийн жюү жицүгийн тамирчдын дунд өрнөх болно
Монголын Жюү жицүгийн холбооноос мөн хоёр дахь өрсөлдөөнийг үргэлжлүүлэн зохион байгуулах бэлтэглээ ажлаа хэдийнээ хангажээ. Зүүн Азийн АШТ-ийг энэ сарын 15, 16-ны өдөр болно. Тус хоёр тэмцээн Монгол бөхийн өргөөнд болох юм. Үзэгч, спорт дэмжигчид та бүхнийг Монголын баг тамирчдаа уухайлан дэмжихийг уриалж байна.
Жюү жицү гэж юу вэ?
Жюү Жицү гэдэг нь японы Ju буюу уян дөлгөөн, Jitsu буюу урлаг гэсэн үгнээс үүсэлтэй “Уян хатны урлаг” юм. Анх Японд үүссэн бөгөөд Жюү жицүгээс жудогийн спорт үүссэн түүхтэй.
Японы алдарч жудоч Мицү Маэда 1915 онд Бразилд очиж, дэлхий нийтэд танил болоогүй уг спортыг түгээн дэлгэрүүлснээрээ Бразилын Жюү жицү (BJJ) хэмээн алдаршсан.
Бразилын Жюүжицү бол өрсөлдөгчөө ялахын тулд боох, өчих, хөших, дарах техникүүдийг цаг хугацааны зарчимд тулгуурлан, хүний биеийн анатомын мэдлэгийг ашиглан, хэвтээ байрлалд суурилсан тулааны урлаг юм.
Жюү жицүг дасгал сургуулилтаас илүүтэйгээр бие болон оюун ухааныг дасгалжуудаг хүний биеийн шатар гэж нэрлэдэг. Учир нь жюү жицүгийн биед үзүүлэх ашиг тус нь асар их бөгөөд мэх, арга техник нь маш сайн уламжлагдсан.
Жюү жицү нь даралтат суурилсан түлхэх, татах, атгах зэрэг динамик болон тэсрэх хөдөлгөөнийг хослуулсан хүч чадал, зүрхний дасгал хөдөлгөөнийг хөгжүүлэхээс гадна турах, булчингын ачааллыг сайжруулдаг. Мөн хүн биеэ зөв удирдах, тэнцвэртэй байдлаа хадгалахаас гадна сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг сэтгэцийн маш сайн дасгал болдог тул тархины фитнесс ч гэж нэрлэдэг.
Жюү жицүг тархины фитнесс ч хэмээн нэрлэдэг
Олон төрлийн спорт дотроос Жюү жицү бүх насны хүмүүс хийх боломжтой, өөрөөсөө том биетэй хүчтэй өрсөлдөгчөөс өөрийгөө хамгаалах, чадвартай байхаар зохион бүтээгдсэн спорт юм.
Жюү-жицүгийн спорт нь дэлxий даяар сүүлийн 30 гаруй жил хурдацтай хөгжиж байгаа бөгөөд өдгөө хөгжингүй орнуудад түгээмэл спортын төрлүүдийн нэгт тооцогддог болоод байгаа болно. Мөн Олон улсын Жюү-жицү холбоо (JJIF) нь тус спортыг Олимпийн төрөлд оролцуулаx бодлого баримталж, эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа.
“Жакарта-2018” Азийн наадмаас Ц.Удвал хүрэл медаль хүртэж байв
Энэ зорилтын хүрээнд жюү-жицү нь “Азийн Спортын иx Наадам”, “Азийн элсний наадам”, “Дэлхийн тоглолт”, “Дэлхийн элсний наадам” зэрэг томооxон спорт наадам, тоглолтуудад хамрагдах болсон тул дэлхийд жюү-жицүгээр хичээллэгсэдийн тоо эрс нэмэгдэж байна.