Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамт Монголчуудтай наадаж байна.
Хаан, хатан, хунтайж нар үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээнд оролцож, сурын харваа, хурдан морины уралдааныг үзэж сонирхжээ. Энэ үеэр тэд Монгол соёл уламжлалтай биечлэн танилцаж, сур, шагай харваж, морь унаж үзсэн байна.
Бутаны Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук: “Монгол Улсад урьсан Ерөнхийлөгч болон Монголын ард түмэнд маш их баярлалаа. Би өөрийн нутгийн “Таши Дэлэг” гэдэг үгээр Та бүхэнд хүндэтгэл үзүүлж, мэндчилгээ дэвшүүлж байна. Сур харваа бол Монгол Улсын адилаар Бутаны үндэсний спортын нэг, манай өв соёлын нэг хэсэг. Бага наснаасаа нум сумаар харвадаг байсан.
Мөн би нэг зүйлийг нэмж хэлэх гэсэн юм. Чингис хааны үлдээсэн өв монголчуудын генд оршсоор байгааг би мэдэрч байна. Монгол Улсын төр, засаг, залуус, нийслэл хот, хөдөө нутгийг хараад монгол үндэстний зүрхний цохилт маш хүчтэй гэдгийг мэдэрлээ. Монгол Улсыг гэрэлтэй ирээдүй хүлээж байна гэж бодож байна. Би өөрийгөө Монгол Улсын “найз” гэж дуудахдаа бахархалтай байна” гэжээ.
Мөн тэд Цонжин Болдог дахь Их Эзэн Чингис Хааны морьт хөшөөнд очиж, Чингис Хаан Музей, Богд Хааны Ордон Музейг үзэж сонирхжээ.
Наадмын эхний өдөр Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчук, хунтайж Гялсэй Жигмэ Намгел, Гялсэй Уген Ванчук нарын оролцсон арга хэмжээнүүдийн гэрэл зургийг хүргэж байна.