Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны спортын XXXIII наадам хөшгөө нээхэд 23 өдөр үлдээд байна.
Монгол Улсын шигшээ багийн хувьд спортын есөн төрөлд 32 эрх авсан юм.
Парис хот зуны олимпын наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулна
“Парис-2024”: Байт харваа, бокс, буудлага, хөнгөн атлетик, жүдо, чөлөөт бөх, хүндийн өргөлт, усанд сэлэлт, дугуйн спорт гэсэн есөн төрөлд Монгол улс баг тамирчдаа илгээнэ. Үүнээс эрэгтэй 15, эмэгтэй 17 тамирчин байна.
Парисын олимпт өрсөлдөх Монголын анхдагчид
Дугуйн спорт: Монголчууд анх удаа зуны олимпын наадамд дугуйн спортоор албан ёсоор эрхээ авч оролцоно. Тэр дундаа олимпын наадмын эрхийн салхийг хагалсан ОУХМ С.Жамбалжамцын амжилтыг энд онцлоё. Өдгөө 27 настай түүний хувьд БНХАУ-д 2023 онд болсон “Ханжоу” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаараа олимпыг зорих тийзээ захиалаад байв. С.Жамбалжамц өнгөрсөн жил Испанийн мэргэжлийн дугуйн баг болох “Бургос-БХ” багтай нэг жилийн гэрээ байгуулан уралдаж буй.
ОУХМ С.Жамбалжамцын гаргасан замаар Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр олимпт өрсөлдөх эрхээ амжилттай авсан. Тэрээр Узбекистаны Ташкент хотноо болж буй “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн уралдааны ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд түрүүлсэн юм. Ингэснээр Парисын олимпын дугуйн төрлийн бөөн гараатай уралдаанд олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц, ганцаарчилсан гараанд Б.Тэгшбаяр нар оролцоно. Монголын дугуйчид хамгийн сүүлд 1996 оны Атлантагийн олимпод өрсөлдөж байлаа. Тэгвэл түүнээс хойш 28 жилийн дараа хоёр дугуйчин Парисын наадамд уралдахаар болж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн авга дүү охин олимпт зодоглоно
Зуны олимпын нааадмд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү УИХ-ын шинэхэн гишүүн У.Отгонбаярын охин О.Хүслэн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 78 кг-ийн жинд өрсөлдөхөөр эрхээ авчээ. Тэрээр жүдо бөхийн 2024 оны Ази тивийн АШТ-ээс хүрэл медальт, багаараа мөнгөн медаль хүртээд байсан юм. Түүний хувьд чансаагаараа олимпын наадамд оролцохоор болов. Учир нь Олон улсын жүдо бөхийн холбоо буюу (IJF)-ээс улс орнуудын жүдочдыг чансаагаар нь эрэмбэлэн олимпыг зорих эрхийг батламжилдаг билээ. Мэдээж Монгол улсаас Парисын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлнэ хэмээн бөхийн хорхойтон, спортын үнэнч хөгжөөн дэмжигчид итгэл тавин хүлээж суугаа.
Олимпын наадамд анх удаа зөвхөн эмэгтэй боксчид тулалдана
Зуны олимпын наадамд хоёр эмэгтэй боксчин өрсөлдөхөөр эрхээ аваад байгаа. ОУХМ О.Есүгэн 50 кг-ийн жинд “Ханжоу-2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаар эрхээ аваад байв.
Мөн ОУХМ М.Энхжаргал эмэгтэйчүүдийн 54 кг-д “Тайланд-2024” олимпын эрх олгох сүүлийн тэмцээнээс V байрт шалгарснаар олимпыг зорих болсон.
Энэ удаагийн зуны олимпын наадамд эрэгтэй боксчид эрхээ авч чадаагүй учраас боксын түүхэндээ анх удаа тэд олимпын наадмыг өнжих болов.
Усанд сэлэлтийн төрөлд анх удаа төрсөн эгч дүүс өрсөлдөнө
Энэ удаагийн олимпын наадамд усанд сэлэлтийн төрлөөр олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн, Б.Энхтамир нар оролцоно. Тэдний хувьд бага наснаасаа л хамтдаа усанд сэлэлтийн спортоор тууштай хичээллэж байгаа. Мөн төрсөн эгч ОУХМ Б.Энххүслэн өнгрөснө жил Ханжоугийн Азийн наадамд оролцож байсан бол түүний дүү Б.Энхтамир бэлтгэл хангагчаар урд хөршийг хамтдаа зорьж байв. Чансаагаар хамгийн өндөр оноотой тамирчдыг оролцуулах дүрмийг баримтлан ОУХМ Б.Энххүслэн жагсаалтыг тэргүүлж түүний төрсөн дүү Б.Энхтамир нь удаалсан амжилтаараа хамтдаа олимпод оролцохоор болсон юм.