2024 оны УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Баруун бүсэд нэр дэвшигч З.Мэндсайханаас товч тодруулга авлаа.
-Та УИХ-ын гишүүн болбол юу, юу хийх вэ?
-Намын мөрийн хөтөлбөрийг бүс нутагтайгаа холбон хөгжүүлэхийн төлөө ажиллана. Хамгийн том хийх ёстой ажил бол “Цагаан алт” хөтөлбөр маань байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр мал аж ахуйн гаралтай түүхий эдийг дотооддоо бүрэн боловсруулж, экспортын хэмжээг хоёр дахин нэмэх боломж бүрдэнэ. Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг өргөтгөх, шинээр нээхэд зориулж нийт 2.19 их наяд төгрөгийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор тусгасан.
Үүний 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 1,51 их наяд төгрөгийг арилжааны банкаар дамжуулна. Мөн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг “Цагаан алт” хөтөлбөртэй уялдуулахаар төлөвлөсөн нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж, ахуй нэгжүүдэд маш хэрэгтэй зүйл болсон гэж үзэж байгаа.
-Ховд аймагт баригдаж буй үйлдвэр технологийн парк “Цагаан алт” хөтөлбөрийн нэг хэсэг үү?
-Тийм ээ, Ховд аймагт баригдаж буй үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын хүрээнд баруун бүсэд 100 гаруй жижиг үйлдвэр шинээр барьж, 1 сая малын түүхий эдийг боловсруулж, экспортод гаргах гарц нээгдэнэ.
Мөн тухайн бүс нутагт 2200 гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, малчид маань малын түүхий эдээ “Цагаан алт” болгож, үнэд хүргэх боломж үүснэ. Энэ ашиг шимийг зөвхөн баруун бүсийнхэн хүртэхгүй. Улсаараа хүртэнэ.
– Танд хийж хэрэгжүүлэх ажлын бэлэн төлөвлөгөө байгаа байх нь ээ?
– Тийм ээ, ард иргэд маань итгэл хүлээлгэж сонговол хийх ажлын төлөвлөгөө нь байна. Хийсэн ажлын туршлага, хуримтлуулсан мэдлэг, чадвар, сэтгэл зүтгэл байна. Өнгөрсөн хоёр жил “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор хийж, монгол улс маань хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодоосоо 85 хувь хангадаг боллоо. Хүнсний үйлдвэрлэл 18 хувь өслөө. Энэ бол бодит үр дүн. Үүн шигээ үр дүн гарган ажиллаж чадна.
Харин сонгогдох л үлдлээ /инээв/