ХУД-ийн III хороонд үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил гурван жил орчим гацсан юм.
Тэгвэл өнөөдөр тус группийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ.
Тодруулбал, Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх 800 метр газрыг өнгөрсөн сарын 7-ны өдөр албадан чөлөөлж, замын ажлыг эхлүүлж байсан. Тус зам ашиглалтад орсноор Нарны зам болон Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Үүний нэг болох “Гермес” төвийн урд талын нүхэн гарцтай уг замыг холбоно. Өөрөөр хэлбэл, хотын хэвтээ тэнхлэгийн замуудыг холбох холбоос зам гэж болно.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд засаж, шинэчилсэн замууд энэ онд төлөвлөсөн нийт ажлын 30 хувь нь.
Энэ онд Улаанбаатар хотын нийт замын 80 хувийг засаж, шинэчилнэ. Засварын ажилд хүлээцтэй хандаж, дэмжиж байгаа иргэддээ баярлалаа” гэлээ.
Түүнчлэн ирэх долоо хоногт хоёр жил гаруй гацсан Ээрмэлийн замын ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээнэ. Мөн Таван шарын нүхэн гарцыг энэ сард нээх бол Яармагийн замыг ирэх долоодугаар сард нээнэ.
Эx Сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС