“Марзан, хошин шогийн мэдрэмжтэй байхыг зарчмаа болгодог. Амьдралд тохиолдох асуудлуудыг хүндрүүлж хараад, шаналах бус хөнгөн хүлээж авч шийдвэрлэх нь чухал. Тиймээс ч Цогтбаяр ахын шог зургууд надад маш их таалагддаг. Янз бүрийн хошин шогийн мэдрэмжтэй хүмүүст би илүү их татагддаг” гэж ярих түүнийг Ганбаатарын Жавхлантөгс гэдэг. Тэрээр хүүхэд байхаасаа л онц сурдаг, хариуцлагатай, хичээнгүй байхын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх, баялаг бүтээх, гэр бүлээ төвхнүүлэх гээд алийг нь ч орхигдуулалгүй зүтгэжээ.
“Сайн байна уу” хөрөг контентын энэ удаагийн зочин ХҮН намын төлөөлөх зөвлөлийн гишүүн Г.Жавхлантөгсийн ярилцлагыг ЭНД дарж үзнэ үү.
Г.Жавхлантөгс Олон улсын харилцааны дээд сургуулийг Слав судлалын баклаврын зэрэгтэй төгсөж, АНУ-ын Режентийн их сургуулийг бизнес болон төрийн удирдлагын хос магистр зэргээр дүүргэжээ. Ингээд 2011 онд Монгол улсдаа ирж, саяхныг хүртэл Америкийн худалдааны танхимын Бодлого хариуцсан захиралаар ажиллаж байжээ.
Адгуу, тэвчээргүй намайг зөөллөж, засдаг хүн бол миний эхнэр
Тэр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр “Би эхнэртэйгээ монголд танилцсан. Тухайн үед манай эхнэр Ховдод англи хэл заадаг байсан. Эхнэр маань 1996 онд Монголд анх ирсэн. Хөдөө орон нутагт буюу Увс, Баян-Өлгий, Төв, Ховд гээд баруун хязгаарт очиж ажилладаг байлаа. Анх монголоор ярихдаа баруун нутгийн аялгатай ярьдаг байсан. Зарим нэг таксинд суугаад явахаар жолооч нь “Дүү аль нутаг вэ” гээд асуухаар би “Хотын залуу Ховдын хүүхэнтэй суучихсан юм аа” гээд л тоглоомоор хэлдэг байсан.
Миний эхнэрт олон сайхан чанар бий. Маш энэрэнгүй, аливаа зүйлд хүлээцтэй, тэвчээртэй. Би жаахан адгуу, тэвчээргүй хүн. Үүнийг надад зөөллөж өгдөг хүн бол манай эхнэр. Бүх зүйлд маш нухацтай хандана. Юм ярихдаа түрүүлж ярихгүй, заавал бодож байгаад ярьдаг. Заримдаа манай эхнэр “Жавхаа” гээд дуудчихаад юм хэлдэггүй. Дотроо бодлоо цэгцэлж байгаад үгээ гаргадаг. Энэ их зөв. Гадаад хүнтэй сууна гэж бодоогүй л явсан. Нэг мэдэхэд танилцаж, дасаад, суусан. Бид 2005 онд гэрлэсэн. Одоо 19 дэх жил рүүгээ орж байна” гэв.
Ажилласан салбар бүртээ хариуцлагатай байж, баялаг бүтээхийг эрмэлздэг
Г.Жавхлантөгсийн ажлын гараа Blue sky aviation гэх нисэхийн компаниас эхэлжээ. Энэ газартаа нислэг хариуцсан менежерээр таван жил ажиллажээ.
“Магистрт сурах гээд, бизнесийн чиглэлээр сурсан маань ч ийм учиртай. Таван жил ажиллаад, нэг зүйлээ хийсний дараа би өшөө илүү ахих ёстой юм байна гэж бодсог. Тэгээд л суръя гээд АНУ-руу сурахаар явсан. Тэнд зургаан жил болсон. Энэ хугацаанд гэр бүлтэй болж, хоёр хүүхэд маань тэнд төрсөн.
Ингээд 2011 онд Монгол улсдаа ирэх боломж гарсан. Тухайн үед Оюутолгой компанид ажлын байр зарласан байсан. Би АНУ-д байхдаа онлайнаар ажлын ярилцлагад орж, тэнцсэн. Тэнд гурван жил ажиллаад, дараа нь Мира гээд өрөмдлөг тэсэлгээний компанийн Бизнес хөгжлийн газрын захирал гэдэг ажилд очсон. Төслүүд хариуцсан менежерээр ажилласан. Энд жинхэнэ баялаг бүтээж байсан.
Түүний дараа 2018 оноос хойш зургаан жил Америкийн худалдааны танхимын Бодлого хариуцсан захирлаар ажилласан. Бизнесийн орчин, бизнесүүдийг төлөөлж хувийн хэвшлийн дуу хоолойг төрд хүргэх гүүр болж ажилласан. Америкийн худалдааны танхим нь АНУ, Монгол хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой байгууллага. Сүүлийн 12 жил ажилласан энэ байгууллага нэлээн нэр хүндтэй болсон. Засгийн газар дуу хоолойг нь сонсдог, биднийг заавал хэлэлцүүлэгт оруулдаг түвшинд очиж хөгжсөн. Үүнд өөрийн хувь нэмрийг оруулж, сүүлийн зургаан жил ажилласан” гэлээ.
Бурууг зөв болгон халхалж, зарчмаа алдахгүй
“Марзан, хошин шогийн мэдрэмжтэй байхыг зарчмаа болгодог. Амьдралд тохиолдох асуудлуудыг хүндрүүлж хараад, шаналах бус хөнгөн хүлээж авч шийдвэрлэх нь чухал. Тиймээс ч Цогтбаяр ахын шог зургууд надад маш их таалагддаг. Янз бүрийн хошин шогийн мэдрэмжтэй байгаа хүмүүст би илүү их татагддаг.
Би ХҮН намын төлөөлөх зөвлөлийн гишүүн гэж явдаг. ХҮН намд орсон шалтгаан маань ч миний үзэл бодол, зарчимтай холбоотой. Бид хэчнээн нэг намын хамт олон ч гэсэн бидний дундаас хэн нэгэн асуудал гаргасан л бол, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон л бол тэр хүнийг хэзээ ч өмгөөлөхгүй. Хууль ёсных нь дагуу хариуцлаг хүлээлгэх ёстой гэдэг зарчмыг бид баримталдаг. Энэ бас миний зарчим. Аливаа зүйлд хариуцлагатай хандахыг хичээдэг. Хүнтэй уулзсан ч цагаасаа хоцрохгүй байх. Ярьсан л бол за нь за, үгүй нь үгүй л байхыг баримталдаг.
Боловсролын хувьд хүнд гологдохооргүй боловсрол эзэмшлээ. Гэр бүлээ товхинууллаа. Энэ бүх зүйлийг ээлж дарааллынх нь дагуу л хийж байна гэж ойлгодог. Сайхан амьдраад байж болж байна. Гэхдээ улс орныхоо, үр хойчийнхоо ирээдүйг гэрэл гэгээтэй, илүү сайхан болгохын төлөө чадах хувь нэмрээ оруулъя гэж бодож, төрөө төвхнүүлэхэд оролъё гээд явж байна” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.
Г. Жавхлантөгсийн ярилцлага, намтартай танилцаад байхад энэ хүн, Монгол улсын эгэл жирийн иргэн хүн гэдэг талаас нь харж байна. Монгол улсдаа хийж бүтээсэн ажлууд, цаашид хийхийг зорьж байгаа зүйлүүүд нь тодорхой юм. Бидний ирээдүй болсон залуу үе, идэр залуу үеүдэд рүү чиглэсэн ажлууд нь таалагдаж байна. Аливаа зүйлд зарчимж, зөв хандлагатай байна гэдэг хамгийн чурал. Мөн улс орны хөгжлийн нэг хэсэг бол гэр бүлийн тогтвортой амьдрал, гэр бүлийн боловсрол юм гэж ойлгож явдаг. Өөрийн сурсан зүйлийнхээ хэргийг улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэрт зориулж яваа залуугийн дээрхи ярилцлага үнэн бодит мэдрэмжийг төрүүлж байна. Их сайхан сэтгэгдэл мэдрэмж төрсөн талаар бичмээр байвч уншигч та нар надтай санал нийлэхбайх. Г. Жавхлантөгс залуудаа цаашдын ажилд нь амжилт хүсье.