Монгол Улсын төрийн албыг үе залгамжлан зайдагнасан жишээ Нямдоржийн Анхбаяр, Энхбаярын Батшугараас эхлээд олон. 2016 оноос хойш улайран цэцэглэсэн ургийн мод сагсайтал ургав. Үүнтэй тэмцэж байгаа мэт нэгэн хүн хууль санаачилж буйгаа хоёр жилийн өмнө мэдэгдсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Гэхдээ алим модноосоо хол унадаггүйтэй адил ах нараасаа хол сэтгэсэнгүй. Тэр үеэлээ, ахаа нам болгох схемээ зуржээ!
Дэлхийн зөнч
Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дэлхийн зөн” байгууллагад ажиллаж байснаа бахархан ярьдаг. Буяны үйлс хийдэг, эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусламж үзүүлдэг гэдгээр нь бид сайн мэддэг энэ байгууллага Христийн байгууллага гэдгийг нь та мэдэх үү? Л.Оюун-Эрдэнэ “Амин ус” сүмд явдаг байсан бөгөөд “Батболд” гэх нэрээр пастер хийж байгаад шинэ залуу тосолгоо аваад гарчээ.
Тэнгэр эцэг
Ямар шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй байх нь хувь хүний эрх. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ тухайгаа огт ярьдаггүй бөгөөд түүний улс төрийн карьераа өсгөх анхны гишгүүр нь христэд итгэгчдийн дэмжлэг байлаа. Монголд шашны бүхий л урсгал дэлгэрсэн бөгөөд түүний дотор гэр бүл, амь, амьдралаа золиослохыг шаарддаг гаж урсгалууд ч бий. Шашныхан шашиндаа элсүүлэхийн тулд эмзэг бүлгийн өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хамгийн ихээр анхаарал хандуулдаг. Ядуу өрхүүдэд хүнсний тусламж харамгүй үзүүлдэг бол захын гэр хорооллуудад хүүхдийн тоглоомын талбай бүхий сүмүүд хүүхдүүдийг ходоодоор нь урхидан элсүүлэх нь их. Тэгвэл 2016 оны сонгуулийн дараа христийн шашинтнууд төрд өөрсдийн нөлөөллөө тогтоосон талаар баяр хүргэсэн тохиолдлууд сошиал орчинд хангалттай үерлэв. Шашны байгууллагууд өөрсдийн хүрээг тэлэхийн тулд эмзэг бүлгийн сурлага сайтай хүүхдийг сонгон авч бэлтгэдэг. Тэрхүү бэлтгэсэн хүүхдээ гадаадад өндөр боловсрол эзэмшүүлж, улс төрд нөлөө бүхий болоход нь дэмжлэг үзүүлдэг. Харин Л.Оюун-Эрдэнэ галчаас эхлээд хар бор ажил хийж эхэлсэн тухайгаа, Харвардад сурч байсан талаараа ярьдаг ч яг ямар шугамаар тийм өндөр төлбөртэй сургуульд явснаа нэг удаа ч ам нээж байсангүй. Сонин юм шүү.
Урвагч
Л.Оюун-Эрдэнийн улс төрийн замналыг харвал туждаа урвалтын түүх. Тэр анх Н.Энхбаярыг хаан шиг явах үед нь “number one” хөдөлгөөний зохицуулагч байв. Эзнээ унамагц өөр илүү хамгаалалтад орсон нь газрын наймаачин М.Энхболдын хамгаалалт байв. Удалгүй М.Энхболдыг түлхэн унагаах ажлыг тэр оройлон гүйцэтгэсэн юм. М.Энхболд өөрийг нь ингэж долоож байсан хүнээ ар нуруунаас нь түгжилдэнэ гэж огт санаагүй биз ээ. Ийнхүү тэр У.Хүрэлсүхийн баруун гар болов. Жудагтай, зангарагтайгаар имижээ бүрдүүлсэн У.Хүрэлсүх салан тусгаарласан Н.Энхбаяртай тохиролцон МАХН-ын намдаа нэгтгэснээр Ерөнхийлөгч болж түүнд намын даргаа өгөв. Н.Энхбаяр 2024 оныг дуустал улс төрийн томилгоо бүхэнд 30 хувийн квот авах гэрээтэй бөгөөд өөрийн хүүгээ нөхөн сонгуульд дэвшүүлэв. Түүний хүүг Сонгинохайрханаас сонгогдсон гишүүн болох Х.Нямбаатар дэмжсэн яриа өгсөн нь огтоос тохиолдол биш… Х.Нямбаатар Э.Батшугарын сурталчилгааг хийж байсан нь үнэндээ Л.Оюун-Эрдэнийн даалгаврыг гүйцэтгэж байлаа. Учир нь, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нь Л.Оюун-Эрдэнэ хамгийн итгэлт хүн бөгөөд “Шударга 5” гэх тэмцэгчдээс хамгийн их эрх мэдэлтэй үлдсэн хоёрхон хүний нэг. Л.Оюун-Эрдэнэ олон дайсантай болсон бөгөөд Х.Нямбаатарыг хамгийн гол албан тушаалд томилдог нь тэд үеэлүүд. Үеэлийн цус үнэхээр хүчтэй аж. Н.Энхбаярын 30 хувийн квот энэ сонгуулийн МАН-аас нэр дэвшигчдэд үйлчилсэн бөгөөд түүнийг урьдаас харсан Л.Оюун-Эрдэнэ шинэ Үндсэн хууль гээч ардчилсан Монголыг БНМАУ болгож буцаах Үндсэн хуулийн төслийг түүгээр гүйцэлдүүлж байсан удаатай.
Үеэлийн цус
“Манай хүн өөрөөсөө хоёр дээд ангийн нэг хүүхдэд хусуулчихлаа. Тэгээд яасан гээч. Гэртээ гүйж очиж хувцсаа сольж ирээд, гэрийнх нь гадаа бүтэн 24 цаг хүлээж байгаа юм. Гартаа тоосго барьчихсан. Нөгөөх нь гарч ирдэггүй. Тийм л шазууртай нөхөр шүү дээ. Одоо ч гэсэн янз бүрийн тэмцэл дунд энэ чанар нь харагддаг л юм” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тоглож өссөн бага насныхаа тухай ганцхан удаа л дурссан нь бий. Л.Оюун-Эрдэнэ “Шударга таван гишүүн” гэх хударгагүй тэмцлээс эхлээд “10 их наядын төлөвлөгөө”, “Цар тахлын төсөв”, “5Ш ажиллагаа” нэртэй их наядаар тоологдох мөнгө зарцуулах бусармаг ажиллагаандаа байнга түүнтэй хамт явж ирсний учир нь энэ.
Шударга тавын жагсаалыг жинхэнэ зохион байгуулсан хүн нь Баасан ламын охин бол гол оролцогч нь Т.Аюурсайхан. Тэднийг дуугүй болгохын тулд Баасан ламын охинд төрийн нууц хэргээр ял өгсөн бол Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэргээр ял оноолгосон.
Л.Оюун-Эрдэнэ 450 тэрбумаар тооцогдох ногоон автобусны луйвар Д.Сумъяабазарт үүрүүлэн огцрох өргөдлийг нь өгүүлсэн ч үнэндээ МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарын заавраар явсан нь нэгэнт тодорхой болсон юм. Одоо энэ талаар МАН дотор ид зодоон өрнөж буй. Д.Сумъяабазарыг огцормогц ямар ч менежерийн ухаангүй Х.Нямбаатарыг нийслэлийн ИТХ-ын бүрэн эрхэд халдан хотын дарга болгосон. Ингэх болсон шалтгаан нь нийслэлийн МАН-ын даргыг өөрийн хүнээр тавих байв.
Л.Оюун-Эрдэнэ эхлээд Үндсэн хуулиар өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Урьдаас энэ бүхнийг төлөвлөсөн бөгөөд хотын төсөв, эрх мэдлийг Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын хотоос сонгогдсон гишүүдээр зүтгүүлэн хууль батлуулан нэмэгдүүлсэн. Тиймээс одоо хотоос сонгогдсон гишүүд хэрэггүй болсон учраас үеэлээ тавин улсын болон хотын төсвийг сонгуульдаа зарцуулж байна. Тэд зам засвар, замын хашлага солих ажилд тэрбум тэрбумаар нь төсөвлөн зарцуулж эхлэв. Түүний аргадаж, долоосон үгс эрх мэдэл нь нэмэгдэхийн хэрээр захиран тушаасанд шилжсэн бөгөөд үүнийг дагаад үеэлийнх нь үнэн төрх ч илчлэгдэв. Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар замын хашлага, зөв зүгээр байгаа хотын төвийн авто замуудыг хааж, лакдахад 45.6 тэрбум төгрөг төсвөөс зарцуулж байна. Энэ ажил одоо ид өрнөж буй. Зүгээр байсан замыг хуулж, шинээр тавьж эхэлсэн бөгөөд энэ бол зөвхөн сонгуульд зориулсан технологи. Үүний цаана татвар төлөгчдийн мөнгөөр сонгуулийн мөнгөө босгодог хуучны технологи л нуугдаж байна. Сонгуулийн өмнө хот өнгө зассан мэт харагдуулж, сонгогчдыг залилах гэсэн санаархал. Ингээд зогсохгүй хотын бонд гаргаж иймэрхүү шалдар булдар ажилд зарцуулна. “Байгаа мөнгөө бүгдийг нь шавхаад метроныхоо төслийг урагшлуулах гэж байна” хэмээн сарын өмнө хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэж байсан бол замуудыг хааж байгаад элс асгаж байгаа аятай туушиндсан. Будаач будаач гэхэд сахлаа будав гэгчээр тавьсан замын будаг анхны борооноор урсахад яаран мэдээлэл хийж байв. Энэ бүхэн дээр 500 тэрбум төгрөгийн бонд нэмэгдэнэ. Энэ бүхнийг хийх болсон шалтгаан нь үеэлүүд судалгаагаар олонд нэр хүндгүй байгаа нь тогтоодсон. УИХ, орон нутгийн сонгуулийн мөнгийг иймэрхүү аргаар үеэлүүд босгож байгаад үрнэ. Тэдний арга нь хот аяндаа ногоорохтой зэрэгцэн башир аргаар хийсэн ажилтай харагдах. Ингэхийн тулд нийслэлийн төсвийн талыг хийсгэж байна. Утаа буурсан гэж загнан байсан Л.Оюун-Эрдэнэ 600 хүн угаартаж өөд болоход ганц ч үг гав хийгээгүй. Улсын талаас илүү нь амьдардаг нийслэлийн амьд организмыг сонгуулиар авах саналын төлөө төсвийг нь тэд цөлмөж байна. Урьд өмнө нь байгаагүй өндөр дүнтэй баталсан 2024 оны төсвийн 77.7 хувь буюу 21.3 их наядыг урсгал зардалд зарцуулах нэрээр үеэлүүд урсгаж байна. Таны мөнгийг таныг хуурахын тулд… Долоо дордож найм сэхэх үлгэрийг хүлээвэл тэдний дарангуйлал л тогтох аж.
Төгсгөлийн оронд
Ийнхүү үеэлүүд улс, нийслэлийн төсвөөр өчүүхэн нэр хүндээ сэргээхээр тролл армиараа дайруулан толгой дээр чинь дэвслэхээр хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэлж, улныхныг газар доор ортол дарамтлахаар зурсан схемээ хэрэгжүүлж байна. Сонгуулийн дараа маргааш болоход тэд жинхэнэ дүрээ харуулна. Нийслэлчүүд өвлийн бэлтгэлээ базааж чадахгүй, өвчин зовлон, хагацал, харууслаар дүүрэн нулимсаа арчин, тэг зогсолт хийх нь. Тэр ахынхаа тусламжтайгаар баатрын дүрд тоглох гэж оролдож байгаа ч үнэндээ намаа, улсаа атгандаа оруулж, дарангуйлал руу хөтлөхөөр сүнсээ худалджээ. Тэдний хийсэн, гавьсан зүйлээс илүү гай тарьсан нь их болохоор С.Зоригийг хөнөөсөн хэргээр л олон нийтийн анхаарлыг ондоо зүгт хандуулж байна…
Үргэлжлэл бий.