Монгол улсын баг тамирчид 1964 оноос эхлэн зуны Олимпын наадамд оролцож эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш зуны олимпын бүх л наадамд оролцож ирсэн билээ.
“Парис-2024” зуны олимпын наадмаас Монголчууд сүүлийн таван олимпт тасраад буй алтан медаль зүүх зорилготой.
Монголчууд 1964 оноос хойш 16 дахь олимптоо оролцоно
Монгол улсын баг тамирчдын хувьд 2024 онд 16 дахь удаагаа зуны олимпт өрсөлдөхөөр бэлтгэж байна.
Зуны олимпын сүүлийн дөрвөн наадмын амжилтуудаас дурдвал Монгол улсын баг тамирчид 16 олимпын наадмаас хоёр алт, 12 мөнгө, 20 хүрэл медалийг зүүгээд байгаа юм.
2008 оны Бээжингийн олимпын наадамд манай улсаас 28 тамирчин оролцож жүдо бөхийн -100 кг-ийн жинд Н.Түвшинбаяр, боксын төрөлд Э.Бадар-Ууган нар Монголын баг тамирчдын түүхэн амжилтыг үзүүлэн анхны алтан медалийг зүүж байлаа. Тодруулбал энэ амжилт Монгол улсын олимпын талбараас хүртсэн анхны алтан медаль, анхны томоохон ялалт байсан билээ.
Мөн тухайн олимпын наадмаас 25 метрийн спорт гар бууны төрөлд О.Гүндэгмаа, боксын спортоор П.Сэрдамба нар мөнгөн медаль хүртэж байв.
Монголын баг тамирчид олимпын наадмаас нийт 34 медаль зүүжээ
Ингээд үүний дараа буюу 4 жилийн дараа:
- 2012 оны Лондоны олимпын наадамд жүдо бөх, боксын төрөлд мөнгөн медаль, жүдо бөх, чөлөөт бөх, боксын спортоор гурван хүрэл нийт 5 медаль хүртэж байсан амжилттай эх орондоо ирж байсан.
- 2016 онд Риогийн олимпоос жүдо бөхийн төрлөөр Д.Сумъяа мөнгө, боксын төрөлд Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ.
- 2020 оны Токиогийн олимпын наадамд спортын 8 төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорих 38 эрхийн болзлыг хангаж 43 тамирчинтай оролцов.
“Токио-2020” зуны олимпын наадмыг Монгол улсаас түүхэндээ анх удаа 5 шүүгч шүүн ажиллав
Энэхүү олимпын наадмыг Монголын таван шүүгч дэнсэлсэн нь мөн л түүхэн дэх анхны тохиолдол. Тэд бол жүдогийн шүүгч Т.Энхцэцэг, байт харвааны шүүгч Э.Саруул, хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, боксын шүүгч Ц.Цогтгэрэл, О.Мандахбаяр нар юм.
Одоогийн байдлаар буюу 2024 оны 05-р сарын 07-ны өдрийн байдлаар Монгол улсаас 14 тамирчин “Парис-2024” зуны олимпын наадмыг зорих эрхээ аваад байгаа билээ.