”Өнгөрсөнтэйгөө зууралдаж, харамсаж амьдрах бус одоо цагтаа төвлөрч, түүнийгээ таашааж, цаг, мөч бүрээ үнэ цэнтэй өнгөрүүлэхийг эрхэмлэдэг” хэмээн ярих түүнийг Ганбямбын Дөлгөөн гэдэг. Тэр 36 настай, дөрвөн хүүхдийн аав. Банкны салбарт 16 дахь жилдээ ажиллаж буй нэгэн.
Тэрээр 2008 онд Монголбанканд нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлж, хоёр жил ажиллажээ. Үүний дараа Хянан шалгалтын газарт банк хариуцсан байцаагчаар зургаан жил ажил ажилласан аж. Мөн Хөгжлийн банк, Төрийн банкны удирдлага, хамгийн сүүлд Монгол банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн алба хашиж байгаад, 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын чуулганаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, ажлаа өгсөн байна.
“Сайн байна уу” нэвтрүүлгийн энэ удаагийн зочин Г.Дөлгөөний ярилцлагыг хүргэж байна.
“ЭЭЖЭЭСЭЭ ТУСАРХАГ, НИНЖИН СЭТГЭЛИЙГ, ААВААСАА ТӨЛӨВШИЛ, ХҮМҮҮЖИЛ, ХУВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БАЙХЫГ СУРСАН”
Г.Дөлгөөн аав, ээж, эгчтэйгээ Хэнтий аймагт амьдарч байгаад, 1992 онд Улаанбаатар хотод нүүж иржээ. Хүүхэд байхдаа даруухан, бүрэг ичимхий, жаахан зожиг, гэртээ байх сонирхолтой байсан аж.
Тэрээр “Биеийг нь ээж нь төрүүлж, ухааныг нь аав нь бий болгодог гэдэг шиг. Ээж маань миний зүрх сэтгэлийг бий болгосон юм болов уу гэж боддог. Хүнд их тусархуу занг ээжээсээ өвлөж авсан. Үүнийгээ байнгын ажил хэрэг болгож хүнд хариу нэхэхгүй туслах, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх юм сан гэж хичээдэг.
Харин аав минь надад төлөвшил, хувийн зохион байгуулалт, ямар хүн болох талаар хангалттай зааж сургасан. Миний аавын хувьд парламентад бага хуралтайгаа нийлээд дөрвөн удаа их хуралд сонгогдож, ард иргэдээ төлөөлж, дуу хоолой нь болж ажилласан. Аав минь багш мэргэжилтэй. Тэр ч утгаараа их зарчимч. Надад маш өндөр шаардлага тавьдаг. Аав надад “Хүн хувийн зохион байгуулалтттай байж амжилтад хүрнэ. Өөрөө хувийн зохион байгуулалтгүй байж ямар ч ажил хийсэн бүх ажлыг унагана шүү. Тиймээс хүн өөрөө өөрөөсөө эхлэх ёстой. Өөрийгөө хөгжүүл, өөртөө анхаарал тавих ёстой шүү” гэдгийг байнга заадаг байсан” гэв.
“АМЬДРАЛЫН ЗӨВ ДАДЛУУДЫГ ӨӨРТӨӨ СУУЛГАЖ, ХҮҮХДҮҮДДЭЭ ҮЛГЭРЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ”
Г.Дөлгөөн эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэрийг Бямбадоржийн Солонго гэдэг. Эхнэртэйгээ анх МУИС-д оюутан болж, нэг ангид ороод танилцаж байжээ. Одоо тэд арав гаруй жил хамт амьдарч, өнөр өтгөн, аз жаргалтай гэр бүлийг бүтээжээ.
Тэрээр “Бид дундаасаа гурван охин, нэг хүүтэй. Охидтой байх их сайхан. Охид маань ээждээ сайн тусална. Охидтой айлууд мэдэх байх. “Үсээ боогоорой, үсээ самнаарай” гээд л. Миний гарын бугуйнд үсний боолт хэд хэдээрээ явж байна. Иймэрхүү л амьдралын хэв маягтай айл болсон доо. Охид сайхан, их зөөлхөн. Бүгдээрээ үймүүлээд, хоорондоо ноцолдсон ч тэрүүхэн тэндээ шуугилдаад л өнгөрдөг. Харин хөвгүүд бол өөр юм шиг байна. Нэлээн чанга байдаг юм шиг байна. Хүүтэй болоод л ойлгож байна даа.
Залуу, оюутан байхад амьдралын хэв маяг өөр байсан. Гэр бүлтэй болж, эхнэр, дөрвөн хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж байгаа өрхийн тэргүүн болж буй эр хүний хувьд хүүхдүүддээ зөв амьдралын хэв маягийг өөрөөрөө үлгэрлэх ёстой юм болов уу гэж боддог. Хүнд шаардлага тавихдаа, тэр шаардлагадаа өөрөө нийцсэн байх ёстой. Хүүхдүүддээ шаардлага тавихдаа би өөрөө тэр шаардлагадаа нийцэж, хэлэхээс илүүтэй өөрөө үлгэрлэж үзүүлэх нь хамгийн зөв юм болов уу гэж боддог. Иймдээ ч аль болох зөв амьдралын дадлыг хэвшүүлж, хүүхдүүддээ багаас нь суулгая гэж боддог” гэлээ.
“АЗ ЖАРГАЛТАЙ МӨЧ БҮРЭЭ ТААШААЖ, МЭДРЭХ НЬ ЧУХАЛ”
Г.Дөлгөөн ууланд алхаж, бясалгал хийдэг. Түүнээсээ ертөнцийн мөнх бус, хоосон чанарыг олж хардаг тухайгаа хуваалцав.
Тэрээр “Чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд ууланд алхана. Сүүлийн үед crossfit гэдэг спортоор хичээллэх гэж үзэж байна. Мөн бясалгалаар хичээллэдэг. Өөрийгөө мундаг сайн бясалгалч гэж хэлэхэд эрт байх. Бясалгалын техникийг суралцаад, ялангуяа бясалгалын ариун номд суралцаж, түүнээс зөв зүйлийг нь амьдралын хэв маяг болгож, бясалгалын хамгийн том онол болох мөнх бус хоосон чанарыг ойлгоход их том ач тус, дэм өгдөг болов уу гэж боддог.
Хүн ирээдүйтэйгээ зууралдах биш. Өнгөрсөнтэйгөө зууралдаж, харамсаж амьдрах бус зөвхөн одоо цагт амьдрах ёстой юм болов уу. Тэр тусмаа одоо цагаа бодож, одоо цагаа таашааж, одоо байгаа гэр бүл, найз нөхөд, хамт олон, одоо байгаа энэ орчин, энэ цаг мөчөө их гоё таашааж, мэдэрч, цаг мөч бүрийг үнэ цэнтэйгээр мэдэрч явах нь зөв юм болов уу гэж боддог. Мөнхийн ирээдүйгээ бодож, аливаа зүйлд стресстэж яах билээ. Мэдээж зовлон, асуудал ирэх өдрөө ирж л таараа. Гэхдээ түүнийг хэтрүүлж бодон өөрөө өөртөө дарамт үүсгэх шаардлагагүй. Харин зөвхөн одоо цагтаа, одоо цагаа таашааж амьдрах нь хүний амьдралын хамгийн зөв философи юм болов уу. Эргээд бид бүхэн мөнх амьдрах биш. Нэг өдөр л өнгөрүүлсэн амьдралаа бодох байх. Энэ үед сайхан мөчүүд, сайхан дурсамжуудаа л бодох болов уу” гэв.