Нэвтрүүлгийн бүтэн дугаарыг ЭНД дарж үзнэ үү
Өрөг нэвтрүүлгийн ээлжит дугаараар “Q Education Group”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ц.Алтансортой ярилцлаа.
Хөндөх сэдэв:
- Эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах вэ?
- Зүрх сэтгэлийн боловсрол чухал уу?
- Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд…
–Боловсролын багц хууль шинэчлэгдэн батлагдаад удаагүй байна. Таны хүлээлтэд хүрсэн хууль болж чадсан уу?
-Хуульд зургаан чиглэлийн хүрээнд сайжруулах зүйлүүд тусгагдсан байгаа. Хэрэгжилт, хөрөнгө оруулалт гэдэг асуудал яригдаад ирэхээр хэрэгжиж байна уу гэдэг нь асуудал. Батлагдсанаас хойш хэрэгжихгүй байгаа зүйлүүд гарч ирж байна.
БИД ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНД ЧАНАРТАЙ БАГШ БЭЛДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
–Тухайлбал ямар заалтууд хэрэгжихгүй байна вэ?
-Боловсролын салбарын санхүүжилтийн 80 орчим хувь нь урсгал зардалдаа явдаг. Жишээлбэл сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байшин барилгын асуудалдаа зарцуулагддаг. Тэгэхээр багшийн хөгжил, хөтөлбөр шинэчлэлийн асуудлуудыг орхиод байгаа юм. Санхүүжилттэй холбоотой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж шинэчлэлт хийнэ ээ л гэж байгаа бол цогцоор нь хийх хэрэгтэй.
-Та боловсролын салбарт олон жил бизнес эрхэлж байгаа. Мөн өөрийнхөө үүсгэн байгуулсан боловсролын группийг удирдан ажиллуулж байна. Тийм ч болохоор бардам шүүмжилж чаддаг байх. Таны хувьд өөрсдийнхөө багш нарыг яаж олж авч байна. Багш нартаа ямар хэмжээний цалин өгч, яаж хөгжүүлж байна вэ?
–Багшийн хөгжил, багш бэлдэх тогтолцоо хангалтай биш байна. Жилээс жилд багш болох босго оноог бууруулж, тэтгэлгээр сургадаг болгосон. Багш болж байгаа хүмүүс бидний ирээдүйг бэлдэж байгаа шүү дээ. Тиймдээ ч хамгийн өндөр оноотой, чансаа өндөртэй, хамгийн чадвартай хүмүүс өрсөлдөж орох ёстой. Цалин ч гэсэн энэ хэмжээгээрээ өндөр байж буцаад тэр багшаас гарах чанар агуулга хэмжигдэнэ. Гэтэл тийм хэмжээнд багш нарыгаа бэлдэж чадахгүй байгаа. Тиймээс багш болоод гарч ирсэн хүнийг дахиад дотоодын хөтөлбөрөөрөө бэлдэх, заах арга зүйг сайжруулах, боловсролын салбарын орчинд ямар соёлтой, ямар хандлагатай, хүүдүүддээ яаж үлгэрлэх ёстой юм бэ гэдгийг багшид сургах асуудал гардагаас болж багшийн хомсдол үүсдэг.
ӨНГӨРСӨН 30 ЖИЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАР МАШ ИХ САВЛАГААТАЙ БАЙСАН
-Боловсролын салбарт реформ хийх ёстой гэдэг үг улиг болтлоо яригдаж байна. Таны хувьд боловсролын реформ гэдэг нь ямар ямар шинэчлэлүүдийг хэлэх вэ? Богино хугацаанд хийх боломжтой шинэчлэлтүүд нь юу вэ?
–Боловсролын реформ гээд ярихаар бид Засгийн Газар ч юм уу эсвэл дөрвөн жилийн асуудал л ярьдаг. Тухайн Засгийн газар, сайдын үзэл бодол, философи нь боловсролыг юу гэж хардаг нь чухал. Үүнд тулгуурлаж өнгөрсөн 30 жилийн боловсролын салбар их савлагаатай байсан. Боловсрол гэдэг тухайн улсын хөгжлийн гол суурь. Тухайн нам засгаас үл хамаараад боловсрол дээрээ бид тууштай байх ёстой. 20, 30 жилээр бодлогоо хараад , бид ямар боловсролтой байх гээд байгаа, Монгол хүнийг бид яаж бэлтгэх гээд байгаа гэдгээ тодорхойлох ёстой. Түүнийхээ үнэт зүйлийг гаргаж ирээд урт хугацааны бодлого гаргадаг баймаар байна. Үүнийг хийхэд зөвхөн Боловсролын газар, Боловсролын яам оролцох биш юм. Энд бүх хүний оролцоо чухал.
Реформ хийсэн улс орнуудын жишгийг харахад, орон даяараа хөдөлдөг. Боловсролын яам, Засгийн газар, Их хурал, төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллага, хувийн хэвшил гээд. Бүр цаашлаад сурагчийн эцэг эхчүүд оролцож байж реформ хийж чаддаг. Тэгж байж 30 жилийн дараа боловсролын реформын үр дүн гарч эхэлнэ. Гэтэл боловсролын бодлого одоо яг хаашаа явах гээд байгаа нь тодорхойгүй байна.
Магадгүй IT технологийн чиглэлээр хүүхдүүдээ бэлдэж явах гээд байгаа юм уу, математик суурьтай явах гээд байгаа юм уу. Эсвэл илүү ёс зүйтэй иргэний боловсрол, зүрх сэтгэлийн боловсролыг тэр хүүхдүүдэд олгох гээд байгаа юм уу гэх мэтчилэн чиглэл оруулж байж тухайн хөтөлбөрүүд үр дүнгээ үзүүлнэ гэсэн үг. Гэтэл тийм нэг хөтөлбөр тэнд байна гээд авчирч туршаад удалгүй төсөв байхгүй гээд бүтэлгүйтчихдэг. Гэх мэтчилэн савлагаатай байдал нь боловсролын реформ хийх нөхцөлийг бүрдүүлэхгүй байна гэж харж байна
ХҮМҮҮНЛЭГ НИЙГМИЙГ БҮТЭЭХЭД ОРОЛЦОХ ХҮНИЙГ Л БИЙ БОЛГОХ ЧУХАЛ
-Таны хувьд зүрх сэтгэлийн боловсрол гэдэг хөтөлбөрийг санаачлаад маш олон газруудаар түгээж байгаа. Зүрх сэтгэлийн боловсрол гэж юуг хэлж байна. Бид яагаад анхаарах ёстой вэ? Манай ЕБС-д хэрэгжиж байгаа хөтөлбөрт энэ хөтөлбөр байна уу?
– Зүрх сэтгэлийн боловсрол гэж нэрлэж байгаа нь сэтгэл хөдлөл нийгэмшхүйн ур чадвар юм. Хүн гэдэг өөрөө сэтгэл, тархи, бие махбоди, танин мэдэхүй, сэтгэлгээ гээд эдгээр зүйлүүдийн нэгдэл байдаг. Боловсролын байгууллага эдгээр зүйлүүдийг боловсруулахад чиглэх ёстой. Гэтэл Монголын боловсролын систем хүүхдүүдээ танин мэдүүлэх буюу акдемик тал руу нь бэлдэх дээр анхаардаг. Бид тархийг хөгжүүлдэг шиг зүрх сэтгэл, эх оронч байдал, өөрөө өөрийгөө хайрлах чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө хайрладаг хүн бусдыг хайрладаг шүү дээ. Тэгвэл өөрийгөө хайрладаг, бусдыг хайрладаг, бусдын оронд өөрийгөө тавьж үздэг, өөртөө байгаа бүхнээ бусдад зориулж чаддаг гэх мэтчилэн хүнлэг, хүмүүнлэг нийгмийг бүтээхэд оролцох хүнийг л бий болгох боловсролыг зүрх сэтгэлийн боловсрол гэж нэрлэж байгаа юм.
– Сүүлийн үед үе тэнгийн дээрэлхэлт ихсэж, арван хүүхэд тутмын найм нь ямар нэгэн байдлаар үүнд өртсөн гэх судалгаа гарсан байна. Үүнийг та боловсролын салбарын хүний хувьд юутай холбоотой гэж харж байна вэ?
-Алим модноосоо хол унадаггүй гэж ярьдаг. Эцэг эхийн хүмүүжил, боловсролын салбар, байгууллагыг соёл төлөвшилтэй холбож бодох ёстой. Үе тэнгийн дээрэлхэлтийн хохирогч эсвэл эхлүүлж байгаа хүүхдүүдэд ямар нэгэн асуудал байгаа учраас л энэ зүйлээ хийж байгаа. Түүнээс биш зүв зүгээр байж байгаад санаатайгаар тэр зүйлийг хийгээгүй. Өнөөдөр харж байхад боловсролын салбараас ихэвчлэн аян хийдэг. Жишээлбэл дээрэлхэлтийн эсрэг аян гэх мэт. Контентоор дамжуулаад энэ талын яриа хийгээд явахад тодорхой хэмжээнд үр дүнгээ өгдөг байж болно. Гэхдээ бид ул суурь дээр ажиллахгүй бол зогсохгүй. Олон улсын жишигт үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр гэж бий. Үүнийг бол улс орон даяараа дэмжиж, яамнаас хэрэгжүүлэх үүрэг өгдөг. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн болон хүчирхийлэгч хүүхдүүдийг 6-12 долоо хоногийн урт хугацааны хөтөлбөрт хамруулдаг. Тэнд сэтгэл хөдлөлөө яаж илэрхийлэх талаар зүрх сэтгэлийн боловсрол олгодог гэсэн үг. Ингээд ирэхээр хүүхдүүд өөрчлөгдөж эхэлнэ. Хувь хүүхэд өөрчлөгдөөд өөрийгөө олоод ирэхээр бусад хүмүүстэй харьцах хандлага өөрчлөгддөг.