Сөрөг тагнуулын газрын дарга асан, хурандаа Д. Цогтбаатар хэвлэлд ам нээлээ. Тэрээр Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтны онц их хэмжээний авлигын талаарх өргөдлийг хуулийн харьяаллын дагуу АТГ шилжүүлээд, тэрнээсээ болж таван жилийн ялаар шийтгүүлж байсан юм.
ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙНХЭЭ ДАГУУ АЖИЛЛААД ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН
Д.Цогтбаатар: Тагнуулыг Ерөнхий газар ажиллаж байх 2012 оны сүүлчээр БНСУ-ын иргэн Ү Тэ Гуан гэдэг хүн өөрийн бие төлөөлөгчөөрөө дамжуулаад надад 19 хуудас өргөдөл, флаш диск өгсөн юм. Флаш дискэнд тухайн солонгос иргэн, монголын иргэдэд шал тараасан бичлэгүүд л бий.
Өргөдөлд МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Тамгын газрын дарга Цагаан, Гадаад хэргийн сайд байсан Пүрэвсүрэн нар БНСУ-д элчин сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Э.Сүхээ гэдэг хүнээр дамжуулаад 3.7 сая долларыг залилан мэхэлж аваад, нэг сая долларыг улс төрийн мөнгө буюу удахгүй болох 2013 оны сонгуульд хэрэглэнэ гэж авлигын шинжтэйгээр нэхэж авсан. Тухайн үед Ү Тэ Гуан энэ талаар хуулийн байгууллагуудад удаа хандаад, үр дүнд хүрээгүй учир ТЕГ буюу надад хандаж өргөдөл гаргасан. Би үүнийг нэн даруй харьяаллын дагуу шилжүүлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу АТГ-ын дэд дарга Б.Хурцад шилжүүлсэн юм. Өргөдөл шилжүүлсэн явцыг хуулиараа бол тэдгээр хүн шалгах ёстой. Гэтэл шалгах нь битгий хэл энэ өргөдөл хаанаас гараад ирэв, 19 хуудас өргөдөл төрийн нууцад хамаарах нууц материал байна гэх гүтгэлгийг явуулаад надад таван жилийн ял оноосон.
Ү Тэ Куан гэх Солонгос иргэн Монгол Улсад агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр сайн санааны тусламж үзүүлж байсан хүн болтой юм. 19 хуудас өргөдлийг үнэн, худал болохыг тэр үедээ би мэдээгүй. Миний үүрэг бол хуулийн харьяаллын дагуу шалгах ёстой байгууллагад нь хүргүүлэх байсан.
Ц.ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮС СОЛОНГОС ИРГЭНД 10 САЯ ДОЛЛАРЫН АЛТНЫ ЛИЦЕНЗ АМЛАЖ 4.5 САЯ ДОЛЛАРЫГ НЬ ЗАЛИЛСАН
Монголын талаас тухайн хохирогч иргэнд юу гэж ярьсан гэхээр, “10 сая долларын үнэлгээтэй алтны лицензийг танд өгье. Таван сая долларын хөнгөлөлттэй үнээр худалдаж ав. Энэ бол Монголын ард түмний төлөө гаргасан сэтгэлийн тань хариу бэлэг юм” гэж хэлээд УУХҮЯ дээр танилцуулга хийсэн байдаг. Ингээд 3.7 сая долларын бэлнээр Ж.Сүхээд өгөөд, 750 мянган долларыг Ц.Элбэгдоржид бэлнээр өгсөн байгаа юм. Ү Тэ Гуан гэх тэр хүн БНСУ-ын геологийн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагатай хамтраад хайгуулын үйл ажиллагаа явуулсан. Нэг ч грамм алт гараагүй.
Хохирогч У Тэ Гуан энэ асуудлаа шалгуулах гээд хуулийн байгууллагад удаа дараа хандсан байгаа юм. Асуудлыг залилангийн гэмт хэргээр шалгаж байгаад, бизнесийн эрсдэл байсан байна гэх утгаар хаасан байдаг. Ингээд цөхрөнгөө барсан хүмүүс ТЕГ буюу надад хандсан нь энэ. Энэ өргөдлийн талаар ярьсан, мэдсэн хүн бүрийг мөрдөн мөшгөж эхэлсэн.
Б.ХУРЦ ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ ЭС БИЕЛҮҮЛЭН, Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ХАЛХАЛЖ НАМАЙГ НАМНАСАН
Эхлээд над дээр эрүүгийн хэрэг үүсгүүлж байгаа юм. Тагнуулын нууц мэдээллийг бидэнд өгчихлөө гээд. Ингээд би хүсэлт гаргаад төрийн нууцын талаар шинжээч томилуулсан. Шинжээчийн дүгнэлтээр өргөдөл болоод флаш дискэнд Монгол Улсын нууцад хамаарах нэг ч зүйл байхгүй гэх дүнэлт гарсан. Миний хувьд үүргээ л биелүүлсэн. Гэтэл АТГ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эс үйлдэл гаргаад шүгэл үлээсэн намайг намнах үйл ажиллагаа эхлүүлсэн нь энэ.
Аливаа төрийн алба хаагч өөрийн ажил үүргээ биелүүлж байх явцдаа мэдсэн авлигын мэдээллийг нэн даруй мэдээлэх үүрэгтэй. Ингэж шилжүүлэхгүй бол сахилгын арга хэмжээ авдаг. Төрийн нууц ч бай, хувь хүний асуудал ч бай мэдээлэх л үүрэгтэй. Тодорхой заасан заалт нь бий. Би энэ үүргээ л биелүүлсэн. Төрийн нууцад хамаарах асуудлын жагсаалт байдаг. Тэнд буй цөөн тооны зүйл л төрийн нууцад хамаарах ёстой.
Б.ХУРЦ 50 САЯ ТӨГРӨГИЙН АВЛИГЫН ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖ, ӨРШӨӨЛӨӨР СУЛЛАГДСАН
Миний ял эдэлсэн шалтгаан бол Б.Хурцын хувийг өш хонзонтой холбоотой. 2005 онд би уг хүнтэй ТЕГ-т ажиллаж байсан. Тэр үед Элбэгдорж Ерөнхий сайд болоод, Билэгтийг ТЕГ-ын даргаар томилсон. Мөн жирийн ажилтан байсан Б.Хурцыг шууд Сөрөх тагнуулын газрын даргаар томилж, би доор нь хэлтсийн даргаар ажиллаж байсан.
Энэ үед Гаалийн Ерөнхий газрын дарга байсан Баатар гэж хүнд холбогдох хэргийг ТЕГ шалгаж байсан. Энэ хэргийн хүрээнд Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын гаалийн улсын байцаагч Амгаланбаатар гэх хүн 20 тонн ноолуурыг хууль бусаар хил давуулсан хэрэг шалгагдаж байсан. Ингэх явцдаа Б.Хурцад 50 сая төгрөгийн хахууль өгсөн юм. 2005 онд шүү дээ. Энэ мөнгөө тухайн үед миний удирдлага дор ажиллаж байсан хүнийг гаргаад авхуулсан байдаг. Ингээд хэрэг прокурор луу шилжих үед би Б.Хурцад удаа дараа шаардлага тавьсан. “50 сая төгрөгөө өг. Энэ бол авлигын гэмт хэрэг. Асуудлыг та өөрөө хариуцдаг юм байгаа биз. Яагаад ажилтныг гэмт хэрэгт холбогдуулав” гээд үл ойлголцол үүсэж эхэлсэн.
Ингээд Засгийн Газар солигдож ТЕГ-ын дарга нар солигдсон. Солигдмогц энэ асуудлыг дотоод аюулгүй байдлын албаар шалгуулаад, эрүүгийн хэрэг үүсэж байсан. 2006 онд өршөөл гарсан. Энэ үед тэр авлигал авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд өршөөлөөр суллагдсан.
ХОХИРОГЧ У ТЭ ГУАЙНД ХОРИГ ТАВЬЖ, МОНГОЛД ИРЭХ БОЛОМЖГҮЙ БОЛГОСОН
19 хуудас өргөдлийг хэнээс авсан авсныг мэдээд, Ү Тэ Гуанаас мэдүүлэг авахын тулд Сөүл рүү, мөрдөн байцаагч Тулга гэх хүнийг томилсон. Тулга тухайн хохирогчийн элчин дээр дуудаад, БНСУ-д нууц орон тоон дээр ажиллаж байсан тагнуулчдыг бүгдийг нь жагсаж зогсоогоод, энэ дунд танаас тэр өргөдлийг авч байсан хүн байна уу гээд харуулсан байдаг. Нөгөө Солонгос нь тусгаар улсад нууц ажилтан байдаггүй юм уу. Гаднын иргэнд үзүүлэх ямар хэрэгтэй юм бэ гээд гайхсан байдаг шүү дээ. Энэ бол жинхэнэ нууц юм. Гэтэл үүнийг нуугаагүй.
Миний сонссоноор хохирогч Солонгосын иргэн нэг ч төгрөгөө эргүүлж аваагүй. Тулга гэх мөрдөн байцаагч И Тэ Гуаны өмгөөлөгч болоод, одоо тухайн хүнд хориг тавиулчихсан. Тэр иргэн одоо монголд ирж чадахгүй. Хонгилын тогтсон технологи сүүл рүүгээ төгөлдөржиж эхэлсэн гэлээ.
эх сурвалж:ТВ9