Бид энэ удаа 2026 онд Бодибилдингийн олон улсын тэмцээнд орохоор бэлтгэлээ хангаж буй багш Д.Батчулуун, шавь Б.Мөнх-Эрдэнэ нарыг онцолж ярилцлаа.
Б.Мөнх-Эрдэнэ хүү дауны синдромтой ч нийгмээс тусгаарлагдаж, гэрийн мухар сахилгүй гурван төрлийн спортоор хичээллэн биеэ дааж сурчээ. Мөн тэрээр төгөлдөр хуур тоглож чаддаг. Өөрийнхөө идэх хоолыг хийж, өдрийн дийлэнх хугацааг зааландаа өнгөрөөнө. Харин түүний багш анх удаа дауны синдромтой хүүхэдтэй ажиллаж байгаа хэдий ч хүүгийн үг сайн хүлээж аван, яг л тамирчин хүн шиг бэлтгэлээ хангадаг талаар сайшаан ярьж байлаа. Тэрээр мөн нийгмийн харилцаанд бүрэн орж чаддаггүй хүүхдүүдэд эцэг эхчүүд нь итгэж, биеийг нь даалгаад сонирхож буй зүйлд цаг хугацаа зарцуулах хэрэгтэй талаар онцолсон юм.
Энэ талаар Д.Батчулуун багш ярихдаа, “Би бодибилдингийн олон улсын мастер тамирчин хүн. Бодибилдингээр хичээллээд 18 жил болж байна. Мөнх-Эрдэнийн хувьд фитнесээр хичээллээд хоёр жил болж байгаа. Тэр фитнест явж эхэлснээр биеэ дааж сурсан. Хүний бие бялдар эрүүл байна гэдэг оюун санаа эрүүл, тайван амгалан байхын эхлэл шүү дээ. Фитнесээр хичээллэснээр өөрийнхөө хоолыг тохируулж, яг тамирчин хүний хэмжээнд бэлтгэгдэж байгаа. Бид хоёр өмнө нь нэг удаа фитнесийн тэмцээнд орж байсан. Өлсөж байсан ч зорилго гэдэг зүйлийг бий болгоод сурчихсан. Би өнөөдөр зорилготой хүн шүү гэдгийг ойлгож бие даагаад, өөртөө хяналт тавиад, дүрэм гаргаж түүнийхээ дагуу явдаг. Өлсөөд сурна гэдэг асар их зүйлд хүргэж байгаа юм. Идмээр санагдсан зүйлээ идэхгүй, өөрийгөө ялж чадаж байна. Уур нь хүрэхэд хүртэл хянаж, биеэ барьж чаддаг. Ааш зангийн хувьд ч их төлөвшсөн. Ямар ч хүнтэй мэндлээд, тэврэхэд тухайн хүнд таатай мэдрэмж төрүүлнэ шүү дээ. Өөрийнхөө хоолыг хийгээд идчихнэ. Хэдэн цагт унтах ёстой гээд унтчихна. Ерөөсөө л биеэ даагаад сурчихсан. Бидэнтэй ярилцаж, ойлголцож чадахгүй ч дотроо зорилгоо тавьчихсан явж байгаа.
Дауны синдромтой хүүхдүүдээс фитнесийн тэмцээнд ордоггүй. Бид хоёрын зорилго бол 2026 онд фитнесийн олон улсын тэмцээнд өрсөлдөх. Эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийг даалгах хэрэгтэй гэж бодож байна. Энэ хүүхэд үүнийг чадахгүй гээд хориод байхаас илүү бэлтгэл хийлгэж, заавал спорт гэхгүй сонирхож байгаа зүйл рүү нь явуулдаг байвал сайн. Ямар нэг зүйлээс битгий хамааралтай байлгаарай гэж хэлмээр байна” гэлээ.
Харин Б.Мөнх-Эрдэнэ хүүгийн хувьд сургуульд явах дургүйгээ хэлж, фитнесээр хичээллээд өөрийн зорилгоо биелүүлэн тамирчин болох мөрөөдөлтэй талаараа ярьсан юм. Тэр мөн их шогч зантай. Багш нартаа хайртай гэх үгийг харамгүй хэлэх тэр ээжээсээ илүү багшдаа баярладаг хэмээн ярилцлагын үеэр дурдаж байлаа.