Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн нөхцөл байдал, стандартын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 840 тоглоомын талбайг СӨХ хариуцдаг. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан. Гэвч эдгээр тоглоомын талбайгаас 465 нь стандартын шаардлага хангахгүй, засвар хийх шаардлагатай байна.
Тэрбээр хүүхдийн тоглоомын талбай хүүхдүүдэд хамгийн ойр хөгжиж тоглох газар байдаг. Гэтэл хүүхдийн тоглоомын талбай Улаанбаатар хотын хэмжээнд эзэнгүйдсэн байна. Иймээс бид хотоо эзэнтэй, хариуцах хүнтэй болгосон цагт үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадна. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан байдаг. Гэвч уг стандартын шаардлага хэрэгжихгүй байна. Төвийн 6 дүүрэгт хяналт, шалгалт хийхэд насны ангиллаар төрөлжүүлээгүй, хурд сааруулагчгүй, аюул учруулахуйц ирмэгтэй, эвдэрсэн тоглоомд анхааруулах санамж тэмдэг байрлуулаагүй, засвар арчлалтыг тогтмол хийдэггүй зэрэг зөрчил илэрсэн. Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатарт бүртгэлтэй тоглоомын талбайнуудын дийлэнх нь засвар хийх шаардлагатай байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт 183 тоглоомын талбай бүртгэлтэй байгаагаас 49 нь л шаардлага хангаж байна. Тиймээс стандартад заасны дагуу хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ. Уг ажилд иргэд, ААН, дүүргүүдийг хамтран ажиллахыг уриалж байна гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС