Монгол Улс Ардчиллын Баян Бүрд олон улсын ардчилсан xолбооны xурлын үеэр АН-ын гишүүн Д.Сосорбарам : “Капитализм бол ардчиллаас тэс өөр. Ардчилал бол зүүний үзлийн нэг хөл, гар. Адам Смит үүнийг “жам ёсны эрх чөлөө” гэж үнэлсэн байдаг. Тиймээс хувь хүний эрх, хувийн өмчийн эрх нээгдэхгүй бол хүмүүс хоорондоо чөлөөт харилцаанд орох эрх нээгдэхгүй. Ер нь хувийн өмч бол баялгийг аяндаа бий болгодог, өмчтэй хүмүүс цаг завгүй ажиллаж, хувийн өмчтөнүүд ажлын байрыг бий болгодог. Төрд өмч төвлөрөх тусам тэнд авлигал цэцэглэдэг. Тэгэхээр төрд өмч төвлөрүүлэх биш эсрэгээр нь хувь хүмүүст тэдгээр өмчийг худалдаалж, арилжаалж, хувьчлах хэрэгтэй.
Хувьчлах гэдэг нь төрийн өмчийг нийтэд үнэ төлбөргүй тараа гэсэн үг биш. Нэгэнт л төрд өмч төвлөрөөд байгаа бол баялаг бүтээх чадамжтай хүмүүстээ тэр хөрөнгөө хуваарилах нь зөв. Одоо бол Монголын нийгэмд анх ардчилал гарч байхад өөрийн гэсэн жаахан хувийн өмчтэй болсон хүмүүс л энерцээрээ ажиллаж амьдарч байна.
Мөн татварын системийг шинэчилж, авсаархан татвар ногдуулдаг байх шаардлагатай байна. Зарим давхардсан татварыг тэглэх хэрэгцээ ч бий. Үүнээс гадна иргэдийг тэр дундаа хувийн өмчтэй хүмүүсийг айлгаж сүрдүүлдэггүй байх хэрэгтэй. Монгол Улс хоёрхон хөрш оронтой биш. 203 гаруй “хөрш”-тэй. Тиймээс дэлхийн олон улсад нээлттэй харилцан хөрөнгө оруулалт хийгээд явбал цөөхөн хүнтэй үндэстэн цомцойтол хөгжөөд явчихна.Монголд долоон яам хангалттай. Бүр болохгүй бол ес байж болно. Төр хэдий чинээ данхайна тэнд авлига, хээл хахууль цэцэглэж капиталистүүд үүснэ.Цар тахлаас хойш ялангуяа сүүлийн дөрвөн жилийн үйл явц бол цэвэр коммунизм. Одоо нэгдэлч хөдөлгөөн болон бусад хөдөлгөөнүүдийг ч МАН-ынхан санаачилж байна. Энэ бол бүр солиорол. Монгол үндсэндээ Хойд Солонгосын жижиг хувилбар орон болж байна” гэжээ