Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын багш нарын VIII их хурал өнөөдөр “Корпорейт хотел энд конвейшн центр”-т эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их хурлыг нээж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар аа. Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгчид, соён гэгээрүүлэгчид ээ, Монголын багш нарын VIII их хурлын эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эх орныхоо өнцөг булан бүрээс улсын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, хуран чуулж байгаа Та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Боловсрол бол улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжлийн суурь, сайн сайхан амьдралын түлхүүр билээ. Тийм ч учраас аливаа улс орны хөгжил дэвшлийг ард иргэдийнх нь боловсролын түвшин, хувь хүний хөгжил, амьдралын чанараар нь үнэлдэг билээ. XXI зууны монгол хүн хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг өвлөн уламжлуулдаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, насан туршдаа суралцах чадвартай, сахилга хариуцлагатай, ёс суртахуунтай, хүмүүжил төлөвшилтэй иргэн байх учиртай.
Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгаа нь эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, эх оронч, эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй монгол хүн, Монгол Улсын иргэн юм.
Монголчууд бид багш, ном, эцэг эх гурвыг гурван эрхэм хэмээн дээдлэн шүтэж, эрхэмлэн хүндэлж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаардаг жамтай. 2023 онд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Ирээдүйн ажил мэргэжил” тайланд ойрын жилүүдэд бүтээлч, задлан шинжлэх сэтгэлгээтэй, хиймэл оюун ухаан, их өгөгдөлтэй ажиллах чадвартай, нийгэмдээ манлайлал, нөлөөлөл үзүүлж чадах мэргэжилтэн чухал болж байгааг дурджээ. Иймээс ирээдүй хойч үеэ хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц эрдэм боловсролтой, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд багш хүний үүрэг, хариуцлага нэн чухал билээ.
“Алтан дэлхийг нар гийгүүлдэг, ард түмнийг эрдэм гийгүүлдэг” хэмээх ардын сайхан үг байдаг.
Их хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Эx Сурвалж: President.mn