Матрын багны цаанаас УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Цэрэнпилийн Даваасүрэн гарч ирлээ.
Ингээд түүний тухай 3 сэжүүрийн тайллыг танилцуулъя.
Тайлал нэг.
Гутлын паян
Ц.Даваасүрэн сайд 2010 онд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан байна. Шанхай хотноо хоёр орны Төрийн тэргүүнүүд уулзах чухал уулзалт руу яг орох гэж явтал түүний үдээс тайлагдаж, гутал нь урсдаг шатанд хавчуулагдан золтой л хөлнөөсөө салсангүй. Аз болж нэг гутлаа залгиулаад хөл нүцгэн үлджээ.
Ингээд Монгол төрийн нэг төлөөлөгч албаны том уулзалтад өрөөсөн гуталтай орох уу, эсвэл хоцрох уу гэсэн хүндхэн асуудалд орсон байна. Гэвч хамт явсан хүмүүс нь түргэн шуурхай арга хэмжээ авч, Ху Жинтао даргын уулзалт руу хос гуталтай оруулж амжжээ. Энэ тухай нэг ч хэвлэлээр гарч байгаагүй бөгөөд өнөөдөр анх удаа та бүхэн сонсож байна.
Тайлал хоёр.
2 оронтой тоон хоч
Ц.Даваасүрэн сайдын нэрэнд 10-ын тоо овог шиг дагалдах болсоор чамгүй олон жил өнгөрчээ. Тодруулбал, тэртээ 2017, 8 оны үед л улс төрийн хашир бурхи Цэндийн Нямдорж УИХ-ын чуулганы танхимд түүнийг “10 хувийн Даавка” гэж анх цоллосон юм. Тэр цагаас өнөөдрийг хүртэл 10-ын тоо харахаар Даавка сайд, Даавка сайдыг харахаар 10-ын тоо хэн бүхний санаанд буудаг болжээ. 10 хувь гэдэг нь үнэн хэрэгтээ ямар учиртайг ард олон хангалттай мэдэх учраас ахин дахин тайлбарлах илүүц биз ээ.
Тайлал гурав.
Ажлын замнал
Эрхэм гишүүн, сайд Ц.Даваасүрэн тэртээ 1995 онд Сангийн яаманд мэргэжилтнээр орж, дөрөв таван жилийн дотор Төрийн сангийн газрын дарга болж дэвшсэн. Мөн БСШУЯ-нд ч газрын даргаар ажилласан. Улмаар Шадар сайдын зөвлөх болж, 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл дөрвөн удаа сонгогдож, 16 жил УИХ гишүүнээр ажиллаж байна. Энэ хугацаанд Төсвийн байнгын хорооны даргаар хоёр удаа, Эрчим хүчний сайдаар нэг удаа ажилласан. Өдгөө ч Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байна.
Ийнхүү бид матрын багийг тайллаа.
Ирэх долоо хоногт дахин шинэ оролцогчийг таах болно.