Урлагийнхан түүнийг “Кант” Балдан нэрээр нь андахгүй мэднэ. Оюутан ахуй цагаасаа л багш нараасаа олон юм асууж салдаггүй нөхрийг нэгэн удаа Хо.Нацагдорж найруулагч “Чи яг Кант шиг юм” хэмээн хэлсэн нь эцгийнхээ нэрийн өмнө насаараа зүүх нэгэн янзын хоч болсон гэдэг. Ё. Балдан найруулагч Монголд анх удаа хөшиг хаагддаггүй шийдэлтэй үргэлжилсэн жүжиг найруулан тавьсан нь театрын урлагт тэсрэлт болж, улсад үнэлэгдэж, түүний найруулсан жүжиг олон аймгаар аялан тоглож байсан гэдэг. Найруулагч Ё.Балдан нь Ш.Цэрэнгийн “Дөл бадарсан ширэнгэ”, Д.Намдаг “Сандралт арав хоног”, М.Бажиевын “Сэтгэлд харвасан туяа” зэрэг жүжиг, мөн Сэлэнгийн долгио чуулгын уран сайхны удирдаачаар 2000 оноос ажиллаж байхдаа “Нууц товчоо” зохиолоос сэдэвлэсэн “Эрсэн хүнээ оллоо” туульсын хэлбэрт тоглолтоороо шилдэг бүтээлийн шагнал авч байжээ. Сэлэнгэ аймгийн театрын тулах багана болсон тэрээр 46 жил урлагт ажиллахдаа 60 гаруй жүжиг, 80 орчим концерт найруулан тавьж, үзэгч түмнийг урлагаар тэтгэж байсан билээ.
Өдгөө нас сүүдэр 80 гарч яваа найруулагч Ё.Балдан бол мэргэжилдээ эзэн байж, тууштай зүтгэж чадсан эрхэм. Тэрээр өнгөрсөн амьдралдаа мэдэрч, үзсэн зүйлийнхээ хугасаас хуваалцсан юм.
-Ярилцлагын санал хүлээн авсанд баярлалаа. Та манай уншигчдад өөрийнхөө тухай яриач?
-Би чинь ерөөсөө Сэлэнгээс гараагүй хүн шүү дээ. 1963-1967 онд Улаанбаатарт дөрвөн жил ирсэн. Тэгээд Сэлэнгэд очсон. Булганд жил хагас болсон. Тэгээд л Сэлэнгэд. Ная орчим жил Сэлэнгэд амьдарч байгаа. Гэхдээ ганцхан ажил хийсэн. Театрын найруулагчийн ажил гээд л хөөцөлдөөд л ная хүрчихсэн байна шүү дээ. Бүтэх бүтэхгүй зүйл хийсээр байгаад…
Ерөөсөө урлаг хөөсөн байгаа юм. Тэр маань явж явж тэтгэвэрт гарсан хойно биелэх талруугаа болж байгаа юм.
Тэрнээсээ бас жаахан урам аваад, залуучуудын гар хөлийн үзүүрт явж байгаа царай нь энэ шүү дээ. Нэг секунд минут холдохын арга байхгүй мэргэжил байлаа.
-Та өнгөрсөн хугацаанд санасандаа хүртэл амьдарч чадсан уу?
-Яаж чадах вэ дээ. Болохгүй шүү дээ. Тэгсэн бол өдийд би юу гэж ингэж сууж байх вэ. Дутуу болоод л гүйцээх гээд гүйгээд байгаа нь энэ. Ер нь ханана гэдэг бол буруу ойлголт, сөнөж байгаагийн шинж.
-Та ханаж, хөөрч яваад алдаж байв уу?
-Хүн архинаас л болж алдана. Өөр юунаас ч болж алдахгүй. Хүн яах вэ дээ амьдралаа сольж болно. Энэ бол алдаа биш. Засаж болно. Гагцхүү архи гэдэг хар усанд захирагдаж эхэлбэл өөрийгөө уулгаад алдаж эхэлж байгаа нь тэр.
80 жил Сэлэнгэд амьдрахдаа энд тэнд л ажиллана. Заримдаа слесарь хийнэ, зарим үед механик хийнэ гээд л. Энэ бол ерөөсөө л хий хөөрөл юм.
Хоёрдугаарт, эр зориг дутаж байна шүү дээ. Юм хийх гэхээр л бүтэхгүй байна. Тэгэнгүүт нь хүн зоригоо чангалах гээд найз нөхөд рүүгээ ярина. Санаа нийлсэн нөхөдтэй холбогдоно. Тэр санаа нь нийлсэн хүнтэй уумаар санагдана шүү дээ. Санаа л эрж яваа юм. Бие биеэ найзаа гээд л уугаад алга болно. Архины маргааш үхмээр санагдаж байгаа юм чинь.
-Архинаас болж алджээ дээ.
-Тийм. Бие бол архийг дааж болно. Сэтгэл санаа өөрчлөгдсөн байдаг юм. Амьдрал чинь утгагүй, өнгөгүй болно. Ямар ч хүсэл сонирхолгүй болно. Энэ бол архи өөрийг нь ууж байгаа хэрэг. Одоо архины тухай мааз яриагаа больё оо. Урлагийн үнэний хэмжүүр бол амьдрал шүү дээ. Яаж ч хөөрөөд эргээд хөрсөн дээрээ бууна.
-Та 80 гарсан өвөө эмээ нар шиг биш юм аа. Ийм хөнгөн байгаа шалтгаан юу юм бол?
-Би 80 хүрсэндээ л бахархдаг. Бурхан багш надад нас, танил тал хайрлажээ.
Хааяа хөгшчүүдтэй хамт суухаараа нас намба таардаггүй. Намайг тэд овилгогүй гээд байдаг юм.
Нөгөөдүүл чинь яах вэ хөгшин дүрд тоглоно. Өөрийгөө дэндүү хөгшин гэж бодоод байгаа юм.
“Би чинь энэ олон ач зээгийн өвөө болчихсон. Ингэж болохгүй, хувцсаа тэгж болохгүй” гээд. Цаана нь хүүхдүүд нь загнаад байгаа юм чинь. Ийм мэтийн хүлээснээс болоод нарийндаа ярихад оюун ухааны дарамтад орж байгаа юм.
-Ингэхэд манай нийгэм ахмадуудад хэр ээлтэй байна вэ?
-Энэ нийгэм их хэцүү. Энэ муу хөгшин гээд тоохгүй. Гэсэн ч нийгэм дотор чөлөөтэй сүлэх хэрэгтэй болно оо доо. Хөгшин ч адилхан, залуу нь ч адилхан. Муухай сайхан гэлтгүй.
-Залуучуудад ахмадууд зөвлөдөг шүү дээ. Тууштай бай, нэг юмныхаа араас зүтгэ, ард нь гар гээд байдаг. Таны хувьд тууштай байсны жишээ ингээд сууж байна л даа. Үр дүн нь юу юм бэ?
-Тууштай бай гээд хүн тууштай байхгүй. Зөндөө хаяна, амьдрал солигдоно шүү дээ. Чи авгайтайгаа тууштай байлаа гээд яах юм. Амьдрал болохгүй бол салж л таарна шүү дээ. Тууштай байх эсэх тэр дотор байгаа юм. Тэр дотор ямар үр боловсорч байна. Үнэхээр тэр үр цэцэглээд байвал хаяхгүй. Цэцэглэхгүй бол дахиад дотроосоо ургах үр хайна аа даа. Тэр нь магадгүй фото зураг байж болно. Тэр нь болохоо байчих юм бол хог шүүрдэж болно.
-Та одоо мөрөөдөлтэй юу?
-Хийх юм нь дуусаагүй хүн л амьдарч явдаг. Хийх юм нь дууссан хүн бол хий нь гарчихсан бөмбөг аятай юм шалчийгаад, үсээ засна ч гэж байхгүй, хувцас хунар нь ч байхгүй, найз нөхөдтэйгөө ярина ч гэж байхгүй, нэг муу өвгөн цайгаа уугаад л сууж байна шүү дээ. Өөрийгөө өвгөн болгож тоглоод, мөрөөдлөө байхгүй болгосон хүн олон.
-Клеопатра жүжиг дээр найруулагчаар ажиллаж байгаа юм билээ.
-Миний Улаанбаатарт ирсэн зорилго бол энэ хэдэн залуучууд, Монгол гэдэг нэртэй театр байгуулаад ийм жүжиг хийж байгаа юм . Тэр нь Клеопатра гэдэг жүжиг. Хоёр жүжиг нийлүүлчхээд байгаа юм. Энэ Клеопатра гэдэг нь хүний түүх өгүүлнэ ээ дээ. Хатан хаан болох гэсэн мөрөөдөл явсаар эцсийн эцэст сүйрч байгаа тухай яг амьдралын түүх нь байгаа юм. Энэ түүхийг энэ театр ярина. Энэ түүхийг яаж ойлгохыг үзэгч өөрөө шийднэ.
–Баярлалаа