Энэ 10-р сард НАТО-гийн дараагийн ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Одоогийн тэргүүн Йенс Столтенбергийн залгамжлагч нь Нидерландын ерөнхий сайд Марк Рутте байх өндөр магадлалтай байна. Тодруулбал, НАТО-гийн нөлөө бүхий гишүүд болох АНУ, Их Британи, Франц, Герман улс түүнийг дэмжиж байгаа гэдгээ нээлттэй илэрхийлж эхэлжээ. Йенс Столтенберг Украины дайн сунжирсантай холбоотойгоор цаг хугацаандаа суудлаа хүлээлгэж өгч амжилгүй өдийг хүргэсэн. Тиймээс дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга нь Украинд тусламж тасралтгүй үзүүлсээр байх, нөгөө талаас ОХУ-тай шууд дайнд орохоос болгоомжлох шаардлагатай эгзэгтэй үед тус эвслийн тэргүүний үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг. Дээрх нэр дурдсан улсуудын эрх баригч нар Марк Руттег дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн ч өөр нэр дэвшигчдийн талаарх яриа мөн гарсан. Тухайлбал, Румыны ерөнхийлөгч Клаус Иоханнис, Эстонийн ерөнхий сайд Каяа Каллас, Латвийн гадаад хэргийн сайд Крисянис Каринс нар яригдаж байгаа аж.