Прокурорын байгууллага 2024 оны хоёрдугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 19, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Авлига, албан тушаалын болон Хүний амьд явах эрхийн эсрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр 2, Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших 1 хэргийг тус тус шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б нарын 11 албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “Ш” ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Иргэн Д.Г, Т.З нар нь ашиг хонжоо олох зорилгоор насанд хүрээгүй Т.А-ийн эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас иргэн Б.А нь байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалж, худалдан борлуулахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.