Нийт нутгаар хаваржилт хүндэрч, гамшгийн улбар шар түвшинд шилжсэнтэй холбогдуулан Засгийн газрын шийдвэрээр салбарын сайд нараар ахлуулсан малчдад туслах шуурхай бүлгүүд байгуулагдсан. Бүлгүүдийг салбарын сайд нар ахлан ажиллаж байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажиллахаар өнөөдөр хөдөллөө. Мөн Онцгой байдлын байгууллага болон Зэвсэгт хүчний алба хаагчдаас бүрдсэн бүрэлдэхүүн, нэгж тeхникүүдийн цуваа малчдад өвс тэжээл хүргэхээр замд гарлаа. Монгол Улсын Eрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бусад сайд нарын хамтаар цувааг үдэн гаргаж өгсөн юм.
Тэрээр энэ үеэр “Мал сүрэг бол төрийн хамгаалалтад байдаг үндэсний баялаг төдийгүй өв соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой. Энэ агуулгаараа малчдын өвөлжилт, хаваржилтын асуудалд төр засаг, иргэд, аж ахуй нэгжүүд анхаарч ирсэн. Энэ жилийн хувьд 20 аймгийн 190 гаруй суманд хаваржилт нэлээд хүндэрсэн байна. Өнөөдрийн байдлаар 4000 гаруй төрийн алба хаагч, 500 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Ерөнхий сайдын хувьд хаваржилтын хүнд нөхцөл байдлыг даван туулахад аж ахуй нэгж, олон улсын байгууллагуудыг УОК-той болон бусад хандивын чиглэлээр хамтарч ажиллахыг уриалж байгаа.
Дэлхийн цаг уурын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаа нь Монголд өвөлтөө хэт хүйтэн, зундаа их бороошиж байгаагаас бидэнд мэдрэгдэх болсон. Ер нь монголчууд бид энэ үед үндэстнээрээ нэгдмэл байж, байгалийн гамшгийг даван туулах менежменттэй байх ёстой. Өнөөдрөөс Засгийн газрын бүрэлдэхүүн 7 чиглэлд ажиллахаар гарч байна. Миний бие энэ долоо хоногт хаваржилт хүндэрсэн аймгуудад очиж, нөхцөл байдалтай танилцана” хэмээв.
Зэвсэгт хүчний хувьд өнгөрөгч оны зун тохиосон үeр усны гамшгийн үeд далан босгох, иргэдийг нүүлгэх, эд хогшлыг авран хамгаалах үүрэг гүйцэтгэсэн бол 11 дүгээр сараас эхлэн 200 гаруй алба хаагч, 105 нэгж тeхниктэйгээр малчдад туслах, зудыг эрсдэл багатай давахад дэмжлэг үзүүлэх зорилгоор эрэн хайх, өвс тэжээл хүргэх, зам харгуйг нээх зэргээр ажиллаж байна. Тэгвэл өнөөдрийн тусламжийн цуваанд Зэвсэгт хүчний 25 цэргийн алба хаагч 12 нэгж тeхниктэйгээр малчдад туслахаар орон нутгийг зорилоо.