Сүүлийн үед цагаан сар монголчуудын уламжлалт баяр биш. Өөр улсаас гаралтай баярыг бид нутагшуулсан гэж ярих нь цөөнгүй болсон. Тэгвэл бид түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяртай цагаан сар хэзээ үүссэн, монголчуудын баяр мөн эсэх талаар ярилцлаа.
Тэрээр “Цагаан сар хэзээ үүссэн тухай тодорхой баримт хомс байна. Бид нүүдэлчин ард түмэн. Түүхийн олон хүнд хэцүүг туулсан учраас гээж, мартсан, мартуулсан, устгасан зүйл олон бий. Миний хувьд цагаан сарыг 3000-аад жилийн түүхийн угшилтай болов уу гэж харж байна. Энэ баяр монгол түмний баяр мөн. Монгол түмэн бид юугаараа ялгаатай болоод бидэнд цагаан сар гэдэг шинэ жилийн баяр байна вэ гэхээд бид бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй эрхэлдгээрээ ялгаатай. Энэ соёл, аж ахуйн хэлбэр 3000-аад жилийн өмнө, бүр цаашилбал, 5000 жилийн өмнө үүсжээ гэдэг нь сүүлийн үеийн судалгаа, олон зүйлээр батлагдаж байна. Монгол нутагт өвөл нь хүйтэрдэг, хавар дулаардаг, зуны дэлгэр сайхан цаг болдог, намар болдог. Үүнд нь зохицсон мал аж ахуй бий болж, мал нь хавар төллөдөг. Энэ давтамжид үүнийг эрхэлж байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар шинэ жилээ цагаан сараар тэмдэглэж байсан нь тодорхой юм.
Түүхийн үүднээс харвал монголчуудын цагаан сар хөгжлийн дөрвөн үеийг туулсан гэж харж байна.
- Үүсэн бий болсон цагаас эхлээд 15, 16-р зуун хүртэл монголын язгуур шинжээр, язгуур байдлаар цагаан сар тэмдэглэж байсан. Бөөгийн шашин, тэнгэр шүтэх үзэлдээ тулгуурлаж, цагаан сараа дэглэж, ёсолж байгаа нэг үе байна.
- Дараагийн үе нь монголд бурхны шашин хүчтэй дэлгэрч, үүний дагуу цагаан сарын зан заншил, уламжлал, үнэлэмж, хүндэтгэл билэгдлийн агуулгад шашны зан үйлүүд нэвтэрч явсан үе. Энэ нь 1924 он хүртэл үргэлжилж байна.
- 1925-1990 он хүртэлх үе нь цагаан сараа хэлмэгдүүлж, гажуудуулж байсан үе.
- 1990 оноос хойш цагаан сараа сэргээж, шинээр дэглэх гээд хичээж байгаа үе. Энд янз бүрийн будилаан гарч байна. Санаатай, санамсаргүй байдлаар монголынх биш, гаднынх гээд л.
Цагаан сар монголынх биш юм бол бид ямар шинэ жил тэмдэглэж байсан юм бэ. Уламжлалт шинэ жил байх ёстой. Тэмдэглэж байгаагүй гэвэл бид хүн биш байна. Цаг хугацааг үнэлж мэддэггүй, гараг эрхсийн хөдөлгөөнийг ойлгодоггүй, амьдралын утга учрыг мэдэрдэггүй амьтан болно шүү дээ. Бидэнд хамгийн ойр мэдээлсэн хүн бол бид бүгдийн сайн мэдэх Марко Поло гэж Италийн аялагч. Түүний аяллын тэмдэглэл “Орчлонгийн элдэв сонин” нэрээр гарсан. Бид бүгдээрээ л уншсан. Уншаагүй хүн монголд ховор байх гэж бодож байна. Энд 13 дугаар зууны монголчуудын цагаан сарын талаар маш олон мэдээ, занги үлдээсэн. Үндсэн агуулгыг нь хараад одоогийнхтой харьцуулаад үзвэл энэ цагаан сар төдийлөн өөрчлөгдөөгүй байна.
Цагаан сар гэдэг хоёр үг. Сар гэдэг нь шинэ зүйл эхэлж байгаа үе, хугацааг зааж байна. Тодотгож байгаа зүйл нь цагаан өнгө. Монголчууд эрт дээр үеэс цагаан өнгийг чухалчилж байсан юм байна. Цагаан өнгөтэй холбоотой бэлгэдлүүдийг дээдэлдэг, хүндэтгэж үздэг байсан нь тодорхой болж байна. Цагаан өнгө монголчуудын хувьд яагаад чухал вэ гэхээр нэгдүгээрт, ариун цагааны бэлгэдэл. Хоёрдугаарт, бүх зүйлийн эхлэл. Цагаан сараар цагаан дээл өмсдөг, цагаан эсгийн дээр сууж залбирч, мөргөдөг. Идээ ундаа нь цагаан идээ байна. Цагаан хадаг барьж золгодог.
Хадагний тухай тодруулаад хэлбэл, монголчууд сүүл үед хадаг бий болсон, монголд орж ирсэн юм шиг яриад байдаг. Монголын нууц товчоо уншаагүй хүн ховор. Ямар нэгэн байдлаар уншсан байдаг. Монголчууд маань санаж байгаа бол энд хэв гэдэг үг бий. Хэв гэдэг нь хадгийг хэлж байгаа юм. Гарал үүсэл нь хаанаас ч байж болно. Түвдээс магадгүй Энэтхэгээс гараад ирсэн байж болно. Гэхдээ энэ хадгийг хөөргийг яг монголчууд шиг ийм байдлаар хэрэглэж, хүндэтгэл, бэлгэдэл, соёл болгож байгаа ард түмэн байна уу. Байхгүй. Тэгвэл энэ манай соёл мөн.
Цагаан сарыг хэлмэгдүүлж, гажуудуулсан үед цагаан сарын олон ёс уламжлал мартагдсан. Үүнийг бид бүрэн сэргээж чадахгүй л байна. Жишээлбэл, ууц тавих ёс байна. Өндөр гэгээн Занабазарын зураг бий. Өөрөө бүр зорьж, хэлж зуруулсан гэнэ лээ. Цагаан сарын идээ ундаанд бор идээ тавихдаа хонины ууц тавьж байна. Хонины ууцаа ингэж таллаж бай, хөндөж, ёс хийж бай гэж. Ууц тавьж байгаа нь хонины идээ шүүс, ууц шиг элбэг хангалуун, дүүрэн, цатгалан байхын ерөөлийг бэлгэдэж байгаа юм аа гэж хэлсэн байдаг. Тэр зурагт барьж байгаа ууц бол сүүлнээс дээшээ нэг юм уу, хоёр үе л байгаа юм. Монголоор огтор ууц гэж хэлье. Энэ нь саяхныг хүртэл байсан юм билээ. Би түүхч хүн учраас судлаад ахмад хүмүүстэй ярилцана, аман дурсамж, янз бүрийн хүмүүсийн дурьдатгалын уншиж харна. Ингэхэд саяхныг хүртэл байсан байна. Үүнийгээ бид мартчихсан. Ордоо авсаархан байх юм аа гээж, баяраа бид өөрсдөө хүндрүүлчихсэн. Одоо нэг их том үнэтэй ууц тавина. Том том идээ засна. Цагаан сараар цээрлэдэг гурван зүйл байна. Уурлах, мунхаглах, шунахайрах. Тэгэхээр тэр том ууц тавьж, олон ширээ засаж байгаа нь мунхаглаж байгаа нэг хэлбэр. Нөгөө талдаа түүгээр дамжуулж шунахайрч байгаа нэг хэлбэр. Хүүхэд баярлуулах, гарыг нь цайлгах ёстой учраас цагаан сарыг Хувь сар гэж нэрлэж байсан байна. Хүүхдүүдэд хувь бэлгийг нь өгөөд баярлуулдаг. Заавал томчууд бэлэг авч, бие биеэ одоогийнх шиг хүндрүүлж байсан зүйл бага байсан юм шиг. Бүх зүйлийг ариун сайхнаар хийж байгаа учраас хэрүүл уруул хийхгүй, муу санахгүй гэх мэт олон зүйл байна. Цагаан сарын баяр нөгөө талаасаа монголчуудын ойлголцлын баяр юм билээ. Цагаан сараар золголоо, хөөргөллөө бол өмнөх жилийн үл ойлголцол, муудсан сайдсан зарим нөхдийн өширхсөн явдлууд цайрч байгаа юм. Өөр нэг утгаараа цагаан сар бол ойлголцол, нийгэм тогтвортой байхын баяр” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.