Иргэн Д.Ламжавтай ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд шинэчлэн баталсан Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн хүрээнд тун удахгүй сонгууль зохион байгуулах гэж байна. Үндсэн хуулийг дагаж мөрдөх үйл явц хэр байх бол? Таны байр суурь сонирхолтой санагдаж байна?
-Тавьсан асуултын хүрээнд аль болох товч хариулахыг хичээе.УИХ-ын сонгуулийн хууль бол сонгогчийн ч тэгш эрхийг, сонгогдогчийн ч тэгш эрхийг зэрэг хангасан байх Үндсэн хуулийн шаардлагад нийцсэн байх ёстой. Сонгогчийн тэгш эрх дотор “сонгогчийн саналын жин адил байх” зарчим багтдаг. Сонгогдогчийн тэгш эрх дотор “сонгуулийн тойргийн хүн амын тоо ойролцоо байх” зарчим багтдаг. Гэтэл мандатын тоо нь тогтмол биш олон мандаттай тойргуудаар сонгогч мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн төлөө санал өгөхөөр хуульчлах нь“сонгогчийн саналын жин адил байх” зарчимд илт нийцэхгүй. Хүн амын тоо нь хэт зөрүүтэй ядаж хоёр тойрог олдож байвал сонгогдогчийн тэгш эрхийн зарчимд илт нийцэхгүй.Өмнө дурдсан хоёр зарчим бол НҮБ-ын Хүний Эрхийн Хорооноос сонгуулийн тэгш эрхийг тайлбарласан олон зарчмын зөвхөн хоёр нь юм.1992 оноос эхлэн одоог хүртэл дагаж мөрдөж ирсэн УИХ-ын сонгуулийн хууль бүхэн энэ хоёр зарчмын дор хаяж нэгийг нь зөрчсөн байдаг. Энэхүү зөрчил үргэлжилсээр байгаа нь Цэцийн Үндсэн хууль зөрчсөн шийдвэртэй бас холбоотой.
-Монголын энэ их өргөн уудам газар нутгийн өчүүхэн хэсэг Улаанбаатарт хүн амын тал нь шахцалдан амьдарч байгаа нөхцөлд хүн амын тоо ойролцоо тойргуудад хуваах боломж байх уу? Үндсэн хуулийн зөрчил үргэлжлэхэд нөлөөлсөн Үндсэн хуулийн Цэцийн ямар шийдвэр байдаг юм бол?
-Ардын намын үе үеийн удирдлага нийслэлийн сонгогчдоос их болгоомжилдог, шуудхан хэлбэл айдаг. Энэ нь УИХ-ын сонгуулийн хуульд сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн. Жишээлбэл УИХ-ын 76 гишүүнийг 19 тойргоор явуулъя гэвэл нийслэлийг 19 хэсэгт хуваагаад аймагуудыг энэ 19 хэсэг дээр хүн амын тоог нь ойролцоо байхаар хуваарилан нэгтгэх замаар 19 тойргийг байгуулна. Мэдээж тойрог бүр 4 мандаттай байна. Сонгогч 4 нэр дэвшигчийн төлөө санал өгнө. Ийнхүү хуульчилахад тэгш эрхийн дээрх хоёр зарчим хангагдана. 2024 оны сонгуулийн хууль ёсоор УИХ-ын 78 гишүүнийг 13 тойргоос сонгоно. Тойргийн мандатын тоог дугаарлалтын дагуу 9, 10, 3, 8, 10, 7, 7, 5, 3, 6, 5, 3, 2 гэж хуульчилжээ. Энд тэгш эрхийн дээрх хоёр зарчмын талаар ярих ч хэрэг байхгүй. Арван хүний төлөө санал өгөх ч заримд маань бас чанга шүү дээ. Уг нь бол 6 мандат бүхий 13 тойрогоор эсвэл 3 мандаттай 26 тойргоор сонгууль явуулж болох л байж. Би дээр үед УИХ-ын сонгуулийн хууль “сонгогчийн саналын жин адил байх” зарчимд нийцэхгүй байгаа учир тус хууль Үндсэн хуулийн 10-р зүйлийн 3 дахь заалтыг зөрчиж байна гэсэн утгатай нэхэмжлэл бүхий мэдээллийг Цэцэд гаргасан. Нэхэмжлэлээ Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болон Иргэний болон Улс төрийн Эрхийн тухай Олон улсын Пактын 25-р зүйлийн b) заалт, энэхүү Пакт нь нэгдэн орсон аливаа улсын түүний дотор Монгол Улсын дотоодын хууль тогтоомжийг давж үйлчилдэгийг Олон улсын Гэрээний Эрхийн тухай Венийн Конвенцээс иш татан тайлбарласан санагдаж байна. Цэц Үндсэн хуулийн 21-р зүйлд “тэгш эрх” гэж байхгүй байгаа тул манай Үндсэн хуульд “сонгуулийн тэгш эрх” байхгүй хэмээн үзэж миний нэхэмжлэлийг “няцаасан”. Улсын Бага Хурал дээр энэ 21-р зүйлийг хэлэлцэж байх үед Гү. Лхагважав тэнд байсан “тэгш эрх”-ийг хасах санал гаргаж хасагдсанаар Ардын Их Хурлаар ч хасагдсан хэвээр батлагдсан паянтай. Гү.Лхагважав бол МАХН-аас нэр дэвшин сонгогдсон бөгөөд Үндсэн хууль батлагдсаны дараа МСДН-д элссэн. Ерэн оноос өмнө улсаа төлөөлөн Женев дэх Хүний Эрхийн Комисст ажиллаж байсан олон улсын харилцааны мэргэжилтэн. Цэц миний дээрх нэхэмжлэлийг няцаахын тулд “Танай намын гишүүн Лхагважавын саналаар тэгш эрхийг хассан байна” гэж тэмдэглэсэн байдаг. Цэц энэ болхи алдаагаа өөрийн санаачлагаар залруулах үүрэгтэй.
-Шинэ Үндсэн хуулийг хоёр ч удаа өөрчилчихлөө. Өөрчлөх шаардлагагүй байсан гэж үздэг тал ч бий. Нэлээд маргаан дагуулсан нь ямар учиртай юм бол?
-Монгол маань 1992 оноос ерөнхийлөгчийн ч биш, парламентын ч биш бүгд найрамдах улс болсон. Нэгдмэл гэх хэрнээ аймгуудаас тогтсон холбооны улс шиг. Үндсэн хуулийн шүүхийг шүүх эрх мэдлийн гадна байгуулсан. Энэ мэт саармаг байдал нь асуудал үүсгэх болсон. Дээр нь Үндсэн хуульд аливаа өөрчлөлт оруулах эрхийг ганц танхимтай УИХ-д олгочихсон. Энэ бүгд нь Үндсэн хууль тогтоогчдын гэхээс илүү, Үндсэн хуулийн төсөл боловсруулсан комиссын алдаа байсан. Цаг үеийн нөхцөл байдлыг тооцон өршөөж болох эдгээр алдааг засахын тулд Үндсэн хуулиа шинэчлэн найруулах шаардлагатай. Үндсэн хуульд 2000, 2019, 2022 онд гурван удаа өөрчлөлт оруулсан. Ийм өөрчлөлт оруулах аргаар алдааг засах боломжгүй. Хамгийн сүүлд 2022 онд оруулсан өөрчлөлтийг Цэц санаачилсан. Гагцхүү Үндсэн хуульд захирагдан Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй Цэц маань Үндсэн хуулийн эсрэг хуйвалдааныг манлайлан оролцож, өргөсөн тангарагаасаа няцсан.
-Иргэн Д.Ламжавыг үе үе Үндсэн хуулийн цэцэд хандаж, иргэний санал, гомдол, өргөдлөө гаргадаг гэдгийг олон нийт андахгүй мэддэг болсон. Ингэхэд Үндсэн хуулийн цэц, цэцийн гишүүд хуулиа дагаж мөрдөж чаддаг уу?
-Тодорхой жишээ баримтаар ярьсан нь дээр байх. УДШ-ээс нэр дэвшин сонгогдсон Ж.Эрдэнэбулган бол Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд тэнцэхгүй хүн байна.Эрдэнэбулган болЦэцийн процессын хуулиа ойлгодоггүй эсвэл бусдын нөлөөнд автамтгай гишүүн байна. Маргаан хянан шийдвэрлэх эсэх тухай Цэцийн гишүүний тогтоолыг нэхэмжлэл гаргагч давсан тохиолдолд тогтоолыг, Цэцийн нөгөө гишүүн уг тогтоолын талаар бичгээрөөр санал гаргасан тохиолдолд уг саналыгЦэцийн бага суудал(Цэцийн дарга томилсон 3 гишүүнтэй хурал)-ын магадлалаар шийдвэрлэнэ гэж процессын хуульд заасан байдаг. Д.Солонго гишүүний нэгэн тогтоолын талаар Б.Буяндэлгэр гишүүн бичгээр өөр санал гаргасан байж. ГэтэлЖ.Эрдэнэбулган 2021.4.8-ны өдөр хуулийн цоорхой байна хэмээн будилж “Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналын тухай” гэх тогтоолыг ганцаар гаргасан байна. Буяндэлгэр гишүүн нэгэнт хүчинтөгөлдөр болсон Цэцийн дүгнэлтийг иш татсан явдлыг Ж.Эрдэнэбулган “Цэцийн гишүүн хянан шалгаж байгаа маргааны талаархи саналаа урьдчилан илэрхийллээ” гэсэн буруу ойлголттой явдаг аж. Үндсэн хуулийн салшгүй хэсэг болох Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах тогтоолыг бас л Ж.Эрдэнэбулган гаргасан байдаг. 2019 оны өөрчлөлтөөр “39.1 … Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно”гэсэн заалт орсон. Цэц 2022.8.15-ны №02 тогтоолоороо энэ заалтыг хүчингүйболгосноос гадна УИХ-ын гишүүдийн тоог нэмэх талаар зөвлөж, цаашилбал Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Цэц хянан хэлэлцэхгүй гэсэн утгатай 2006.3.6-ны 3/06 тоот, 2015.10.14-ний №17 тоот Цэцийн хоёр магадлалыг хүчингүй болгосон билээ. Энэ хууль бус тогтоолыг УИХ ер бусын уриалгахнаар хүлээн авч Засгийн газрын бүх сайд нараа УИХ-ын гишүүдээр бүрдүүлэн, 2024 оны ээлжит сонгуулиас эхлэн УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох, 78-ыг мажоритараар, үлдсэн 48-ыг пропорционалаар сонгох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулав. УИХ 2022.8.24-ний өдөр гурван хуульд тухайлбал Цэцийн процессийн хуулийн 13-р зүйлд “Цэц Үндсэн хууль болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтмйг хянан хэлэлцэхгүй” гэсэн утгатай заалтыг оруулан жүжиг тоглосон билээ. Жүжиг гэсний учир нь агуулгаараа тэртэй тэргүй Үндсэн хуульд байгаа заалт юм. Цэцийн тогтоол үнэхээр хууль зүйн үндэслэлтэй байсансан бол Цэц Цэцийн процессийн хуульд оруулсан энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гээд л хүчингүй болгох учиртай. Гэтэл огт чимээгүй их л удаж байна. Эцэст нь хэлэхэд Ж.Эрдэнэбулган шиг ийм хуульчийг Цэцээс эгүүлэн татахгүй бол Монгол Улс Үндсэн хуулиа оршуулахад хүрэх осолтой. Улсын Дээд Шүүх Ж.Эрдэнэбулганыг эгүүлэн татах хүсэлтээ Цэцэд даруй гаргавал зохино.
Эх сурвалж: Өдрийн сонин