Хүүхэд залуусын дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан нэг удаагийн электрон тамхины хэрэглээг зогсоох гэж байгаа талаар Их Британийн засгийн газраас мэдэгджээ. Нэг удаагийн тамхи татдаг залуучуудын тоо нэмэгдэж буйтай тэмцэх төлөвлөгөөний хүрээнд нэг удаагийн тамхи татахыг хориглох гэж байна гэж засгийн газар мэдэгдэв. Мөн хүүхдэд тамхи зарахаас урьдчилан сэргийлэх, насанд хүрээгүй хүмүүст борлуулахын эсрэг чиглэсэн арга хэмжээг танилцуулах аж. “Тамхи татах, эрүүл мэндийг хамгаалах үйлс” гэх буяны байгууллагын тоо баримтаас харахад 2020 онд 11-17 насны хүүхдүүдийн 4.1 хувь нь электрон тамхи тогтмол эсвэл хааяа хэрэглэдэг байсан бол одоо энэ хувь 7.6 болжээ. Энэхүү хоригийг Их Британи даяар нэвтрүүлэх төлөвтэй байна гэж засгийн газраас нь ийнхүү мэдэгдэж байна. Тус улсын ерөнхий сайд Риши Сунак энэ долоо хоногт нэгэн сургуульд зочлох үеэрээ засгийн газрын төлөвлөгөөг дэлгэрэнгүй тайлбарлах төлөвтэй байна. Тэрбээр "Ямар ч эцэг эх, багшийн мэдэж байгаачлан, одоо үүсээд буй хамгийн их санаа зовоож буй асуудлуудын нэг бол хүүхдүүдийн дунд тамхи татах явдал ихэссэн нь юм. Энэ асуудал өргөн хүрээг хамрахаас өмнө л арга хэмжээ авах ёстой” гэж мэдэгдэлдээ дурджээ. Их Британи өнгөрсөн онд 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүст тамхи худалдахыг хориглож буй тухайгаа мөн зарлаж байсан. Энэ мэтчилэн арга хэмжээнүүдээ тэд "Тамхигүй үе"-ийг бий болгох оролдлогын нэг хэсэг гэж тайлбарлаж байгаа юм. Тус улсад 18-аас доош насны хүнд тамхи худалдах нь хууль бус байдаг ч нэг удаагийн электрон тамхинууд хэмжээний хувьд жижигсэж, олон янзын амт, савлагаатай болж буй нь залуучуудын дунд хэрэглээ ихсэхэд нөлөөлж байгаа аж. Засгийн газраас нь танилцуулсан шинэ хориг хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байгаа ч байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжийг ашиглан хоригийг оруулж ирж магадгүй байна. Хориг хэрэгжиж эхлэх хугацаа нь батлагдсаны дараа жижиглэн худалдаачдад хэрэгжүүлэх зургаан сарын хугацаа өгөх төлөвтэй байна. Электрон тамхины эсрэг кампанит ажил хийдэг активистүүд нэг удаагийн электрон тамхи нь хаягдал ихээр бий болгодог ба түүнийг үйлдвэрлэхэд ашигласан материал, химийн бодис, тэр дундаа лити батерей нь түүнийг аюултай хаягдал болгодгийг сануулсаар ирсэн юм.