Газ тээвэрлэж явсан машин дэлбэрснээс үүдэлтэй ойролцоох орон сууц галд өртсөн. Тэгвэл тус орон сууцад стандартын бус барилгын хүзүүвч байснаас галын машин орох боломжгүй байдал үүсэж хүндрэл учруулсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Бид энэ асуудлаар Хотын стандарт хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч З.Ганбаттай ярилцлаа.
Барилгын галын аюулгүй байдлыг ямар стандартаар дүгнэж зөвшөөрөл олгодог вэ?
Галын эрсдэлээс сэргийлж барилгыг анхнаас нь зэрэгцээ барилгаасаа авах шаардлагатай стандарт зай хэмжээг баримталж барих ёстой. Өндрийн хэмжээ, барилгад ашигласан материалаасаа хамаараад барилга хоорондын зайг өөр өөрөөр тогтоодог. Хамгийн галд тэсвэртэй материалаар хийгдсэн хоёр барилга байлаа ч хоорондоо хамгийн багадаа 4,8 метрийн зайтай байх ёстой. Энэ зайг галын болон түргэн тусламжийн машин орох боломжийг хангах зорилготой үлдээж байгаа юм. Барилга байгууламжийг төлөвлөхдөө галын болон түргэн тусламжийн авто машин барилгын бүх талд чөлөөтэй очихоор төлөвлөсөн байх шаардлагатай.
Галд өртсөн барилгыг сургуультай холбосон хүзүүвч нь галын машин доогуур нь гарах боломжгүй өндрөөр баригдсан байсан. Энэ барилгыг стандартын бус баригдаж байгааг хянах, шалгах ажиллагаа явагдаагүй гэсэн үг үү?
Галд өртсөн барилгын хувьд галын машин орох нөхцөлийг нь хаачихсан буюу анхны төлөвлөлт дээрээ орон сууцны барилгыг нэмж төлөвлөснөөс үүдэн орц гарцыг нь хаачихсан асуудал гарсан. Галын аюулгүй байдлыг хангасан эсэхийг ОБЕГ хянан шалгадаг. Анхны зураг төслөө хянуулахад нь арван зургаан барилга өөр өөрийн чиг үүргийн дагуу өөр өөр шалгуураар хянан шалгаад шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөл олгодог. Зураг төслөө батлуулсны дараагаас барилгын ажил явагдаж байх хугацаанд батлагдсан зураг төслийн дагуу ажлаа гүйцэтгэх нь гүйцэтгэгч компанийн чиг үүрэг. Энэ үүргээ биелүүлж байгаа эсэхийг захиалагч, зураг төсөл зохиогч хоёр Барилгын хуулийн дагуу хяналт тавих ёстой. Зөрчил гарсан тохиолдолд манай байгууллагат хандаж, бид торгуулийг нь төлүүлж зураг төслийн дагуу барих шаардлагыг хүргүүлдэг. Нийслэлийн хэмжээнд 22 барилгын байцаагч байх ёстойгоос одоогоор 14 байцаагч ажиллаж байна. Тэгэхээр орон тоо дутмаг байдлаас улбаалан баригдаж байгаа барилгуудад байнга хяналт, шалгалт хийх боломжгүй байдаг.
Тэгэхээр эрсдэлд өртсөн барилгыг бүх талаасаа чанарын шаардлага хангасан гэж үзээд ашиглалтад оруулсан гэж ойлгож болох уу?
Баригдаж дууссаны дараа нөгөө 16 байгууллагаас үзлэг, шалгалт хийгээд хүлээж авдаг. Тэгэхээр Улсын комиссоос чанарын шаардлага хангасан гэж үзсэн барилга л ашиглалтад ордог. Шатсан барилга нь 2017 онд Улсын комисс чанарын шаардлага хангасан гэж үзээд хүлээж авсан барилга. Нарийн дүгнэлтүүдийг шалгалт хийсний дараа улсын байцаагч нар гаргах учраас яг одоо бол би чанарын шаардлага хангаагүй барилга байсан гэж бие даан дүгнэх боломжгүй.